"Талын түмэн адуу" баяраар адуучин залуус ур чадвараа сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-01-12 13:51:43

“Талын түмэн адуу” өвлийн баяр Хэнтий аймгийн Батноров суманд энэ сарын 15-17-нд болно.

Энэхүү өвлийн баярыг тус аймгийн Засаг даргын ивээл дор Батноров сумын захиргаа, “Мөнх Харилцаа” Монгол-Хятадын зөвлөл, гэрэл зургийн “Тусгал” бүлэг хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулах юм.

Монгол орны өвлийн аялал жуулчлалын хөгжилд нэгэн өнгө нэмж, нүүдэлчин монголчуудын олон мянган жил уламжлан ирсэн гайхамшигт адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх, талын салхи ханхлуулсан адуучин залуусын гарамгай чадвар, Монгол хүн, адуу хоёрын салшгүй шүтэлцээг сурталчлах, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготой энэхүү наадмаар олон сонирхолтой арга хэмжээ болно. Тухайлбал, мэргэжлийн зурагчид 1000 адууны зураг авах, адуучин залуус адуу уургалах, эмнэг сургах, ташуур, уурга шүүрэх зэргээр мал маллах чадвараараа өрсөлдөнө. Мөн хамгийн сайхан Батноров хийцийн эмээл, эдлэл хэрэглэлтэй морьтон хосыг шалгаруулж, адуучин залуус, үзэгчдийн дунд адууны тухай дууг хэн сайн дуулах вэ тэмцээн зохиохоос гадна "Торгон тар" богино зайн бооцоот уралдаан, тайга нохдын хөтөлгөө, ан хөөлгөх зэрэг арга хэмжээ болох юм. Түүнчлэн шилдэг гэрэл зургийг шалгаруулан нийт 75 хүнийг шагнаж урамшуулна.

Энэ үеэр наадмыг зохион байгуулагчид үзэгчидтэй хамтран Батноров сумын сургуулийн дотуур байрны номын санг тохижуулах, ном хандивлах сайн үйлсийн аяныг өрнүүлэх аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ