Японы Ерөнхий сайд ОХУ-д айлчлахад бэлэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-12 11:41:35

МОСКВА. /RIA Novosti/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-д айлчлахад бэлэн гэж тус улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлого хариуцсан туслах Юрий Ушаков "Известия" сонинд мэдээлжээ.

“Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-д айлчлахад бэлэн. Гэхдээ Японы удирдагч айлчлалаа Москва хотод бус харин бүс нутгуудын нэгд хийж магадгүй” гэж тус сонинд Оросын төрийн тэргүүний туслахын хэлснийг иш татан бичсэн байна.

“Японы Ерөнхий сайд Туркийн Анталья хотод болсон “Их-20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Владимир Путинтай уулзахдаа айлчлах санал тавьсныг Юрий Ушаков тодруулжээ. Шинзо Абэ чухам аль бүс нутагт айлчлахыг Ушаков тодорхой дурдсангүй” гэж "Известия" сонинд гарсан мэдээлэлд дурдсан байна.

Японд айлчлах тухай Путинд тавьсан саналынхаа хариуг Абэ хэдэн жил хүлээж байгаа болохыг тус сонинд мөн бичсэн байна. Орост авсан хориг арга хэмжээнд Токио нэгдсэн нь Путиныг тус улсад айлчлахад саад болж байгаа юм.

Абэ 2013 оны хавар Москвад айлчилсан билээ. Энэ нь Японы Ерөнхий сайдын сүүлийн 10 жилд Орост хийсан анхны албан ёсны айлчлал байсан юм. Хариу айлчлалыг Путин 2014 оны намар хийхээр товлосон боловч Украины хямралтай холбоотойгоор олон улсын байдал даамжирсны улмаас болоогүй билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ