Олимпийн жилд, боксчид улсын аваргын төлөө тулалдаж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохион байгуулж буй XX зууны манлай дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын спортын улсын аварга шалгаруулах тэмцээн даваа гарагт эхэллээ.
Спортын төв ордны “А” зааланд болж байгаа энэ удаагийн тэмцээнд 34 байгууллагын эрэгтэй 141, эмэгтэй 81 нийт 222 боксчин эрэгтэй 10, эмэгтэй найман жинд өрсөлдөж байна. Эмэгтэйчүүдийн жинд ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөрмонголоос тамирчид ирж оролцож байгаа юм. Олон улсын боксын холбооны дүрмээр эрэгтэй гурван минутаар гурван үе, эмэгтэй хоёр минутаар дөрвөн үе тоглоно.
Эхний өдөр эрэгтэй 48 кг, 56 кг, 60 кг, эмэгтэй 48 кг, 57 кг, 64 кг жингийн урьдчилсан тулаан боллоо. Өнөөдөр эрэгтэй 52 кг, 64 кг, 69 кг, 91 кг, эмэгтэй 51 кг, 54 кг, 57 кг жингийн тулаанууд болно. Энэ тэмцээнээс 2016 оны олимпод оролцох эрхийн төлөө тулалдах тамирчдыг шалгаруулах гэдгээрээ онцлогтой бөгөөд түрүүлсэн тамирчид олимпийн эрх авах олон улс, дэлхийн тэмцээнд оролцох эрхтэй болно.
Улмаар амжилт гаргавал эх орноо төлөөлөн Риогийн олимпийн наадамд оролцох юм. Тиймээс ч УАШТ-д бокс хөгжүүлж байгаа аймаг, спорт хороо, хувийн компани, байгууллага, клубууд тамирчдаа сойж байгаа. Оролцогч тамирчдын тоо олон учраас тэмцээн уртасгасан цагаар ачаалалтай явагдаж байна.
Д.Өлзий