Ханбогд суманд “Өсвөр үеийн эрүүл мэндийн төв” үүдээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-01-11 17:22:34

Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Өсвөр үеийн эрүүл мэндийн төв” энэ сарын 9-нд нээлтээ хийв.

Ингснээр өсвөр үеийнхний өвөрмөц хэрэгцээнд тулгуурласан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг залуучуудад ойртуулж, ээлтэй болгох нөхцөл бүрдэж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас хүүхэд, залуучуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, тусгай хэрэгцээт иргэдийн эрүүл мэндийг онцгойлон анхаарах зорилт дэвшүүлэн тавьсан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн онд тус аймгийн Цогтцэций суманд анх удаа “Өсвөр үеийн эрүүл мэндийн төв”-ийг байгуулсан бол тус суманд  хоёр дахь төв нь болж байна.

НҮБ-ын Хүн амын сангийн Залуучуудын төслийн техник, санхүүгийн тусламжтай шинээр байгуулж буй өсвөр үе, залуучуудад зориулсан эрүүл мэндийн төвөө зохих ёсоор ажиллуулж, үйл ажиллагаандаа өсвөр үеийнхнийг татан оролцуулж, үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэн тэднээр дамжуулан эрүүл мэнд сургалт сурталчилгаа, зөвлөгөөг өсвөр үеийнхэнд хүргэхийн төлөө чармайн ажиллах хэрэгтэйг нээлтийн үеэр Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар хэллээ.

Манай улсын хүн амын 38 хувь нь хүүхэд, залуучууд түүний тал хувь өсвөр насны залуучууд байдаг бөгөөд өсвөр үеийн залуучууд нь харьцангуй эрүүл хэмээн тооцогддог ч тэдний бие бялдар, сэтгэл санааны хувьд гарч буй физиологийн онцлогт тохирсон эрүүл мэндийн өвөрмөц тусламж, үйлчилгээ шаарддаг. ДЭМБ-аас гишүүн орнууддаа өсвөр үеийнхний өвөрмөц хэрэгцээнд нийцсэн мэргэшсэн ажилтан бүхий эрүүл мэндийн байгууллагыг ажиллууллахыг зөвлөдөг байна. Монгол улс сүүлийн 15 жилийн турш энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлж 20 аймаг, зургаан дүүрэгт “Өсвөр үеийн эрүүл мэндийн төв”-ийг нээн ажиллуулж байна. 

Ж.Болор

Холбоотой мэдээ