“Ажил хэрэгч өглөөний цай” уулзалт хийв

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2016-01-10 21:30:32

Дархан-Уул аймгийн Эрүүл Мэндийн газраас эрхлэн “Ажил хэрэгч өглөөний цай” уулзалт хийв. Уулзалтад аймгийн Засаг дарга А.Энхболд, Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ нар оролцож “Эрүүл мэндийн төв”-ийн ажилтай танилцаж тус төвд хэвтэн эмчлүүлэгчидтэй уулзаж эмчилгээ үйлчилгээний талаар санал солилцлоо.

Өнгөрсөн онд тус Эрүүл Мэндийн газар нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай нийгмийн хариуцлагын хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажилласан. Мөн 78 нэр төрлийн 66.3 сая төгрөгийн тоног төхөөрөмж 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ЭМГ-ын техникийн давхрын засвар, Нэгдсэн Эмнэлгийн өргөтгөлийг барьжээ. Түүнчлэн “Эрүүл мэндийн довтолгоо”, “Хөдөөгийн хүн амын явуулын Амбулатори”, “Шүдний нүүдлийн Амбулатори”, “Өсвөр үеийн Клиник”, ХБӨ-ны зан үйлийн судалгаа зэрэг эрүүл мэндийг дэмжих томоохон ажлуудыг хийсэн байна. Харин энэ онд хэрэглэгчийг дээдлэсэн, аливаа аюул эрсдлээс сэргийлсэн тусламж үйлчилгээг үр дүнтэй үзүүлж эрүүл мэндийн хүний нөөцийн хөгжлийг дэмжиж сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор олон талт ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

“Иргэд эрүүл мэндийн байгууллагыг хүнд сурталтай, чирэгдэлтэй үйлчилж байгаа тухай байнга гомдоллодог. Иймээс иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх үүднээс Солонгосын хөрөнгө оруулалтаар ЭМГ-т түргэн тусламжийн автомашин авчирсан. Эдгээр автомашиныг энэ сарын сүүлчээр хүлээлгэж өгнө” гэж аймгийн Засаг дарга А.Энхболд ярилаа.

                               Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ