Саудын Арабыг АНУ буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-04 15:17:24

МОСКВА. /Sputnik/. Терроризмтой холбоотой хэмээн үзэж 47 хүнийг, тухайлбал, нэр хүндтэй санваартныг цаазаар авсан, Ойрхи Дорнодын бүс дэх холбоотон Саудын Арабыг АНУ буруушаажээ. АНУ-ын 50 муж улсын 31 нь цаазаар авах ял оноодог билээ.

Лалын суннитууд голчлон амьдардаг Саудын Араб дахь суннит, шиит урсгалын фракцуудын хурцадмал байдлыг 47 хүнийг цаазаар авсан уг хэрэг даамжруулна гэж Цагаан ордон үзсэн байна. Хурцадмал байдлыг намжаахын тулд “хүчин чармайлтаа дахин нэмэгдүүлэхийг” Ойрхи Дорнодын орнуудын удирдагчдад АНУ уриалжээ.

“Бүх хэргийг үнэнч шударгаар шүүж, хүний эрхийг хүндэтгэж, хамгаалахыг бид Саудын Арабын Засгийн газарт дахин уриалж байна” гэж Саудын Арабын нийслэл Рияд хотод болсон хэргийн дараа, АНУ-ын Төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгдсэн юм.

Жихад /ариун дайн дэгдээгч/, суннитын олонх эсвэл шиитийн цөөнх нь хамаагүй, хэний ч үйлдсэн террорист ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Саудын Араб илэрхийлэх дохио болгож, 47 хүнийг, тухайлбал, “Аль-Каида” бүлэглэлийн гишүүдийг цаазаар авсан байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ