Тээврийн хэрэгслүүдэд тавих хяналтыг чангатгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-02 22:47:56

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас эрхлэн шинэ жилийн баярыг зөв зохистой тэмдэглэж гэмт хэрэг зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх анхааруулга сэрэмжлүүлэг гаргаж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан ажиллаж байна.

Тус газар нь Дархан сумын ЕБС-уудын шинэ жилийн баяр сургуулиудын сүлд модны наадамд хяналт тавьж  тус сумын 9, 18 дугаар сургуулиудын 240 гаруй сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явуулжээ. Өнгөрөгч сарын эцсийн байдлаар аймгийн Цагдаагийн газрын саатуулах байранд 94 иргэн эрүүлжүүлэгдэж хоёр иргэнийг захиргааны журмаар баривчлан саатуулжээ. Эрүүгийн 48 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт  явуулж иргэд, аж ахуйн нэгж байгууллагад учирсан 69 сая 208 мянган төгрөгний хохирлыг нөхөн төлүүллээ гэж аймгийн Цагдаагийн газрын орлогч н.Даваасамбуу ярилаа.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 2367 тээврийн хэрэгслийг шалгаж 455 зөрчил илрүүлж зөрчил гаргасан 367 жолоочид бэлэн бус байдлаар 9 сая 850 мянган төгрөгийн торгуулийн ногдуулж 16 жолоочид анхааруулга санамж өгчээ. Түүнчлэн зөрчилтэй гурван тээврийн хэрэгслийг түр саатуулж  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 13 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон аж.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ