Батлан хамгаалахын сайд салбарынхандаа мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-31 12:07:19

Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон  шинэ он ирж буйтай холбогдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ахмад дайчид, алба хаагчид,  Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид, батлан хамгаалах салбарт ажиллаж буй нийт албан хаагч, бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүлж байна.

Монгол цэргийн бахдам уламжлалыг арвижуулан дархалж буй Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Түүхийн алтан хуудсыг баяжуулан зузаатгасан нэгэн оныг бид хамтдаа үдэж, хийж бүтээсэн бүхэндээ эрэмшин илүү ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн нэгэн шинэ оноо угтаж байна. Улиран одож буй энэ онд батлан хамгаалах салбарын хувьд хууль эрх зүйн шинэчлэлийн эхлэл тавигдаж, Зэвсэгт хүчний чадавхийг дээшлүүлэх, бэхжүүлэх, алба хаагчдын нийгмийн асуудалд анхаарч ажилласан он жил байлаа.Гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хүрээгээ тэлж байгаагийн дотор хөрш болон бусад орнуудтай батлан хамгаалах салбарт харилцах хамтын ажиллагаанд ахиц гарч, энхийн төлөөх үйлсэд манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа билээ.Улс орон маань санхүү эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа энэ үед цэргийнхэн бид улс орондоо тус дэм болж бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцох үүрэгтэй. Цаашдаа өнөө хүрсэн амжилтаа бататгаж боломж бололцоогоо дайчлан зэвсэглэл техникээ шинэчлэн сайжруулах, салбарынхаа ажиллагсдыг орон сууц, нийгмийн хамгааллыг сайжруулахад хүч чармайлтаа нэгтгэн ажиллаж ахиц гаргана гэж найдаж байна.Та бүхэндээ угтан ирж буй шинэ ондоо бодол санаа өрнүүн, зүтгэл чармайлт өндөр, амжилт бүтээл арвин байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол төрийн мэлмий бат оршиж, Монгол цэргийн сүр хүч мандан бадрах болтугай хэмээнд мэндчилгээ дэвшүүллээ.

Ж.Батсайхан

 


 

 

 

Холбоотой мэдээ