Минскийн гэрээг сунгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-31 11:49:53

МОСКВА. /TASS/. “Нормандын дөрвөл”-ийн /ОХУ, Украин, Герман, Франц/ удирдагчид болох Владимир Путин, Петр Порошенко, Ангела Меркель, Франсуа Олланд нар өчигдөр утсаар ярих үеэрээ Минскийн гэрээний үйлчлэх хугацааг 2016 онд сунгахаар тохиролцжээ. Энэ тухай Оросын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.

"Дөрвөн орны удирдагчид 2015 оны хоёрдугаар сарын 12-нд зөвшилцсөн Минскийн гэрээний хэрэгжилтийн хүрээнд өнөөг хүртэл түгшүүртэй, тогтворгүй хэвээр байгаа Украины зүүн өмнөд нутгийн байдлыг нухацтай хэлэлцэж, уг гэрээний хугацааг 2016 онд сунгахаар тохиролцлоо" гэж мэдээлэд дурджээ. 

Украин улсыг Европын Холбоонд элсүүлэх тухай гэрээний хэрэгжилтийн үр дагаварт өгсөн үнэлгээний талаарх Оросын байр суурийг Меркель, Олланд, Порошенко нарт Путин танилцуулсан байна. Дөрвөн орны удирдагчид мөн Донбасст гал зогсоох дэглэмийг даган баримтална гэдгээ нотлоод Украины байдлыг хэлэлцэх хувийн холбоогоо үргэлжлүүлэхээр, мөн Донбассын сонгуулийн тухай хуулийг боловсруулах холбоо тогтоох бүлгийн ажлыг эрчимжүүлэхээр тохиролцжээ. Түүнчлэн Оросоос Украинд хий нийлүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ