Трампын талаар Их Британийн парламентад хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-31 09:36:11

МОСКВА. /Sputnik/. Цахим хуудсаар дамжуулан гаргасан өргөх бичгээрээ дамжуулан лалын шашинтнуудыг эсэргүүцсэн шинжтэй үг хэлснийх нь төлөө АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Бүгд найрамдах намаас өрсөлдөгч Дональд Трампыг Их Британид нэвтрүүлэхгүй байх асуудлыг парламентдаа хэлэлцэхээр болсноо тус улсын Засгийн газар мэдэгдэв.

Лалын шашинтнуудыг АНУ-д оруулахыг түр зогсоох саналыг Трамп тавьсны дараа, 565 мянга гаруй хүн уг өргөх бичигт гарын үсгээ зуржээ. Их Британийн парламентад ямар нэгэн өргөх бичгийг хэлэлцэхийн тулд 100 мянган гарын үсэг хэрэгтэй байдаг.

“Трампын хэлсэн үгийг хүчтэй эсэргүүцэж буйг Засгийн газар хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэн хэлснээс үл хамааран нийгмийг хуваах аюултай үгийг эсэргүүцэх болно” гэж өргөх бичгийг хүлээн авсан Их Британийн Засгийн газар мэдэгджээ.

Их Британид байх нь “олон нийтэд таатай бус” байх, Европын иргэн бус хувь хүнд хориг тавих эрх тус улсын Дотоод хэргийн сайд Тереза Мэйд байгааг мэдэгдэлд дурджээ.

Трампын хэлсэн үгтэй огт санал нийлэхгүй байгаагаа Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон илэрхийлж байсан билээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ