Дэлхийн хамгийн баян хүмүүсийн хөрөнгө 19 тэрбум доллароор буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-30 15:57:04

МОСКВА. /Pravda/. “Bloomberg” агентлагаас гаргасан тэрбумтнуудын индексээс үзвэл, манай гарагийн хамгийн баян 400 хүний хөрөнгө 19 тэрбум доллароор буурчээ. Ийнхүү буурах болсны гол шалтгаануудаар түүхий эдийн үнэ буурсан, мөн Хятадаас ирж буй эдийн засгийн өсөлт буурна гэсэн дохиог нэрлэж болно.

2015 оны 12 дугаар сарын 28-ны байдлаарх мэдээллээр, дэлхийн хамгийн баян 400 хүний нийт хөрөнгийн хэмжээ нь АНУ, Хятад болон Японоос бусад дэлхийн аль ч орны ДНБ-ээс давж байгаа юм.

Энэ жилийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс 83.6 тэрбум долларын хөрөнгөөрөө дахин тэргүүлсэн байна. Гэвч 2015 онд Гейтсийн хөрөнгө 3 тэрбум доллароор буурчээ.

Тэрбумтнуудын дундаас хамгийн их хэмжээний хохирлыг Мексикийн харилцаа холбооны магнат Карлос Слим амссан байна. Урьд нь хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж байсан тэрбээр энэ жил уг жагсаалтын тавдугаарт оржээ. Түүний эзэмшдэг “America Movil SAB” компанийн хувьцаа энэ жил 25 хувиар буурсан байна. 2015 оны 12 дугаар сарын 28-ны байдлаар Слимийн хөрөнгө 53 тэрбум доллароор үнэлэгджээ.

Тэрбумтнуудын индекст гуравдугаарт орсон Америкийн алдартай хөрөнгө оруулагч Уоррен Баффетын хөрөнгө энэ жил 11.3 тэрбум доллароор буурч, 62.5 тэрбум доллар болсон байна. Баффетын эзэмшдэг хөрөнгө оруулалтын “Berkshire Hathaway” компани энэ оныг 2011 оноос хойш анх удаа алдагдалтай дуусгаж байгаа аж.

Храин Европт томоохонд тооцогддог хувцас үйлдвэрлэгч болон худалдаалагч “Inditex” компанийн эзэн, Испанийн тэрбумтан Амансио Ортега 2015 онд хөрөнгийнхөө хэмжээг 12.1 тэрбум доллароор нэмэгдүүлж, 73.2 тэрбум доллар болгосон бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад хоёрдугаарт бичигджээ.

2015 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаарх мэдээллээр “Bloomberg”-ийн гаргасан тэрбумтнуудын индекст Хятадын 23 иргэн багтсан бөгөөд тэдний нийт хөрөнгө 205 тэрбум доллароор үнэлэгдсэн байна. Хятадын хамгийн баян хүмүүсийн тоо тавдугаар сард 31 болсон боловч 12 дугаар сарын 28 хүртэл 28 болж цөөрч, нийт хөрөнгө нь 256 тэрбум доллароор үнэлэгджээ.

Хятадын хөрөнгийн зах зээл өссөн нь тус улсад тэрбумтнуудын тоо нэмэгдэхэд нөлөөлсөн боловч  хувьцааны зах зээлд долдугаар сард болсон уналт тэрбумтнуудын тоог бууруулахад хүргэсэн байна. 2015 оны эхний хагас жил тэрбумтан болсон 50 хүнээс наймдугаар сар гэхэд ердөө 19 нь байр сууриа хадгалж чаджээ.

"Bloomberg"-ийн гаргасан тэрбумтнуудын индекст энэ жил Оросын 19 иргэн багтсан бөгөөд тэдний нийт хөрөнгө жилийн хугацаанд 8 тэрбум доллароор буурсан байна. 

2014 онд барууны орнууд Украины эргэн тойронд үүссэн хямралтай холбоотойгоор Орост хориг арга хэмжээ авах үед Оросын баячууд нийтдээ 55 тэрбум доллароо алдсан байна. 

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ