Элэгний С вирусыг устгах Харвони эмийг түгээж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-12-30 15:56:03

Элэгний С вирусыг устгах Харвони эмийг энэ сарын 28-наас эхлэн хепатитын С вирусын халдвартай, эмчилгээ шаардлагатай бүртгэгдсэн иргэдэд цахим жороор түгээж эхлээд байна.

Тус эмийг үйлдвэрлэгч Гилеад Сайнс компани, түүний Монгол Улс дахь албан ёсны борлуулагч Омбол ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр оруулж ирсэн билээ.

ЭМСЯ-наас гурван сар буюу нэг курс эмчилгээ нь 94000 ам.доллараар зарагддаг тус эмийг үйлдвэрлэгч АНУ-ын Гилеад сайнс компанитай “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд 1200 ам.доллараар Монгол Улсад оруулж ирэх, борлуулах тохиролцоонд хүрч чадсан юм. Дээрх эм орж ирэх хүртэлх хугацаанд тус яам нь Хепатитын С вирусын халдварын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний удирдамжийг боловсруулж, нийт аймаг, дүүргийн, улсын болон хувийн томоохон нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ-ийн нийт 130 гаруй эмчийг сургаж бэлтгэжээ. Мөн ХӨСҮТ-д тусгай програм хангамжийг боловсруулж, хепатит С вирусын халдвартай, эмчилгээ шаардлагатай иргэдийг бүртгэж байна.

Эмч мэргэжилтнүүдээс Харвони эмтэй холбогдолтой дараах тодруулгыг авлаа.

-Хепатитын С вируст халдвартай хүмүүс эмчилгээнд хэрхэн хамрах вэ?

-Хэрвээ та өөрийгөө тус халдварт өртсөн байж болзошгүй гэж үзэж байгаа эсвэл өмнө нь хийлгэсэн лабораторийн шинжилгээгээр С вирусын халдвартай гэж тогтоогдож байсан бол өөрийн харьяа аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо эмчилгээний төв, ХӨСҮТ, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, төмөр замын нэгдсэн эмнэлэг, БХХСАХНЭ-ийн дотор, халдвартын сургагдсан эмч нарт хандаж, зөвлөгөө авч, шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгэн, бүртгэлд орж цахим жор бичүүлнэ.

-Хепатитын С вируст халдварыг илрүүлэх шинжилгээг хаана хийлгэх вэ?

-Дээр дурдсан эмнэлгүүдийн лабораториудад элэгний үйл ажиллагааны шинжилгээг хийлгэж болно. Харин ХӨСҮТ-өөс вирусын ачаалал тодорхойлох шинжилгээг хийх чадавхи бүхий хүсэлт гаргасан төрийн болон хувийн хэвшлийн лабораториудад хөндлөнгийн хяналт хийж дараах лабораториудыг шалгаруулсан юм. Нэн тэргүүнд элэгний үйл ажиллагааны сорил, вирус тоолох шинжилгээг заавал өгсөн байх хэрэгтэй. Бусад шинжилгээ шаардлагатай эсэхийг таны эмчлэгч эмч шийдвэрлэнэ.
Иргэд эрүүл мэндийн даатгалаар цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цусны биохимийн шинжилгээ, хэт авиан шинжилгээнд хамрах ба харин С вирусын ачаалал тодорхойлох шинжилгээний зардлыг өөрөө хариуцна. Дээрх лабораториудад хийж байгаа С вирусын ачаалал тодорхойлох шинжилгээний дундаж өртөг нь 90-190 мянган төгрөгийн өртөгтэй байна.

Одоогийн байдлаар аймгуудад С вирус тоолох шинжилгээ хийж эхлээгүй байгаа тул Улаанбаатар хотод ирж уг шинжилгээг хийх эрх авсан эмнэлэг, лабораториудад хандаж болно. Мөн аймгууд эрх бүхий лабораториудтай гэрээ хийж сорьцоо өөрсдөө эсвэл мэргэжилтэн урьж бэлтгүүлэн шинжилгээг хийлгэж болно.

-Хепатит С вирусын халдварыг эмчлэх ямар эмийг сонгох вэ?

-Дээр дурдсан эмнэлэгт зөвхөн мэргэшсэн эмчийн хийсэн үзлэг, лабораторийн болон бусад шинжилгээг үндэслэн таныг хепатитын С вирусын халдвартай, эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэхийг тогтоохыг анхааруулж байна. Эмчийн дүгнэлтийг үндэслэн эмчилгээ хийлгэх эсэхийг зөвхөн өвчтөн та өөрөө шийдвэрлэх эрхтэй. Гэхдээ хепатитын С вирусын халдварыг эмчлээгүй тохиолдолд элэгний хатуурал, хорт хавдар зэрэг амь насанд аюултай өвчин үүсэх магадлалтай. Одоо Монгол Улсад бүртгэлтэй Совалди (Софосбувир 400мг), Харвони (Софосбувир 400мг/Ледипасвир 90мг) эмийг эмчилгээнд хэрэглэж байна.

-Харвони эмийг хэрэглэхэд ямар нэгэн дэглэм барих шаардлагатай юу?

-Харвони эмийг хэрэглэж байгаа өвчтөн эмчийн зааврыг заавал мөрдөх хэрэгтэй. Эмийг өдөр бүр тогтмол цагт таслахгүй уух, эм ууж байх үедээ архи, пиво, дарс хэрэглэхгүй байж, ямар нэгэн зовиур илэрвэл хяналтын эмчдээ хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Анх удаа эмчилгээ хийлгэж буй элэгний хатууралтай болон хатууралгүй өвчтнүүд, урьд нь эмчилгээ хийлгэсэн элэгний хатууралгүй өвчтнүүдэд 3 сар, урьд нь эмчилгээ хийлгэсэн элэгний хатууралтай өвчтнүүдэд 6 сар хугацаагаар эмчилгээг хийнэ. Харин ээнэгшлээ алдсан үе шатандаа буй элэгний хатууралтай өвчтөн болон ХСВ-ийн архаг халдвартай хүүхдэд аюулгүй, үр дүнтэй гэдэг нь тогтоогдоогүй байна. Харвони эмийг хэрэглэж болохгүй эсрэг заалт одоогоор байхгүй. Гэхдээ бөөрний ялгаруулах үйл ажиллагаа алдагдсан болон бөөрний архаг дутагдалтай өвчтөнд тунг зөвлөх боломжгүй юм.

-Харвони эмийг хаанаас ямар эмийн сангаас худалдан авах вэ?

-Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн эмнэлэгт байрлах нийт 14 эмийн сан, аймаг тус бүрт нэгдсэн эмнэлэгт байрлах нийт 22 эмийн сангаар эмийг олгоно. Эмийн сангуудын дэлгэрэнгүй жагсаалтыг Эрүүл мэнд, спортын яам, ХӨСҮТ, Омбол ХХК-ны цахим хуудаснаас тус тус авч болно.
Харвони эмийг 30 гаруй улсад бүртгэгдсэн, хепатит С вирүсийн халдварын эмчилгээнд хэрэглэж байна
Харвони болон бусад аливаа шинэ эмийг АНУ-д бүртгэж, хэрэглээнд гаргахаас өмнө Хүнс, эмийн агентлаг (FDA) нь маш хатуу хяналтыг тавьж, эмнэлзүйн өмнөх болон эмнэлзүйн судалгааны дүнг үндэслэдэг байна. Хүнс, эмийн агентлаг (FDA) нь судалсан шинэ эмэнд баталгаа өгөхдөө судалгааны ажлыг хянах, хэлэлцэх, эмнэлзүйн туршилт, хүний эд эрхтэнд үзүүлэх хор нөлөө, эрсдлийн шалтгааныг судалж, хүний бие махбодид тохиромжтой, аюулгүй эсэх талаархи мэдээлэл, шаардлага хангасан байдлыг хянаж шинжээчдийн баг эмийн үр дүн, аюулгүй байдлыг эм үйлдвэрлэгчдийн хийсэн судалгааг үнэлж дахин магадлан улсын бүртгэлд бүртгэсэн байна.
Одоогийн байдлаар Харвони эмийг АНУ-аас гадна Европын холбоо, Канад, Щвейцар, Шинэ Зеланд, Турк, Египет зэрэг 30 гаруй улсад бүртгэгдсэн, хепатит С вирүсийн халдварын эмчилгээнд хэрэглэж байна. Тус эмийн үр дүнгийн талаар хөндлөнгийн судалгаа хийгдсэн байна. Тухайлбал Япон Улсад тус эмийн үр дүнд судалгаа хийхэд 100 хувийн амжилттай гарсан байна.

-Харвони эмийг хэрхэн уух вэ?

-Эмийн сангаас 28 ширхэгээр савлагдсан 1 сарын эмчилгээнд хэрэглэх нэг савтай Харвони эмийг өгнө. Тус эмийн савны ёроолд тусгай код наасан тул эмийг хүнд дамжуулахгүй, хуваахгүй, зөвхөн өөрөө ууна. Уугаад дууссан эмийн хоосон савыг эмийн санд заавал буцааж өгнө. Сар тутам эмчдээ үзүүлж, хянуулсны дараа сарынхаа эмийн жорыг бичүүлнэ.

-Эмчлүүлэгч төлбөрөө хэрхэн төлөх вэ?

-Төлбөрийг бэлэн мөнгөөр хийхгүй, эмийн санд төлөхгүй, зөвхөн Худалдаа Хөгжлийн банк дахь Омбол ХХК-ийн дансанд шилжүүлнэ. Дансны дугаарыг утсаар хэлж өгнө.
Утсаар хэлсэн дансанд эмийн төлбөрийг төлснөөс хойш УБ хотын иргэн 2-3 хоногийн дараа заасан эмийн сангаас өөрийн биеэр, иргэний үнэмлэхтэйгээ ирж эмээ авна. Хөдөө орон нутгийн өвчтөнүүдийг төлбөрөө хийсний дараа тухайн орон нутгийн эмийн сан руу явуулна. Аймгийн эмч нартайгаа холбогдож асууж болно.
Эмийн төлбөрийг 1 сараар эсвэл 3 сар буюу курс эмчилгээний бүтэн хэмжээгээр төлж болно. Төгрөгөөр төлөх ханшийг утсаар ярихдаа хэлж өгнө. Тухайлбал нэг сарын төлбөр өнөөдрийн байдлаар 800800 төгрөг байна. Дараа сард эмээ авахын өмнө дахиад төлбөрөө төлнө. Мөн 3 сар буюу курс эмчилгээний бүтэн төлбөрөө нэг дор төлж болно.
Төлбөр хийгдсэний дараа эмийг эмийн санд хүргүүлнэ.

-Хепатитын С вируст халдварын оношилгоо, эмчилгээний талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ?
-ХӨСҮТ нь улсын хэмжээнд эмч, мэргэжилтнийг мэргэжил арга зүйгээр хангах, оношилгоо, эмчилгээг хянах, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх эрх, үүрэг бүхий байгууллага бөгөөд цаашид дээрхи бүх үйл ажиллагааг гардан хариуцах болно. Тиймээс элэгний С вируст халдварын эмчилгээ, оношилгооны талаар лавлаж тодруулах зүйлээ ХӨСҮТ-ийн 454921, 450443, 99008084, 99157794 дугаарын утсанд холбогдож асуух болон www.nccd.gov.mn, www.mohs.mn – цахим хуудаснаас өөрт хэрэгтэй мэдээллээ авах боломжтой.

 

Холбоотой мэдээ