Эвслийн бүлгээс гарах эсэхээ тухайн үед нь зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-30 14:25:48

УИХ-ын гишүүн Г.Уянгыг МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс гарах гэж байна гэх мэдээлэл гараад буй. Иймд түүний бүлгээсээ гарах эсэх талаар болон цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Таныг эвслийн бүлгээс гарах гэж байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ хэр үнэн бэ?

-Саяхан сонгуулийн тухай хууль батлагдлаа. Улс төрийн ямар нэг шийдэл гаргах шаардлагатай болох байх гэж бодож байна. Тэр нь ямар шийдэл байх вэ гэдгийг тухайн үедээ зарлана. Шударга ёс эвсэлдээ үлдэж болно, эсвэл орхиж болно. Сүүлийн 25 жил АН, МАН ээлжилж төрийн эрх барилаа. Монголын ард түмэн өнөөдөр өөр сонголтыг хүсч байна. Өөр сонголтыг бий болгох үүрэг хариуцлага надад байх ёстой гэж бодож байна. Шийдэл гаргах бол хэвлэлийнхэнтэй ахиад уулзах байх.

-ХҮН-д таныг элсэнэ гэх мэдээлэл байна?

-Би бараг үгүй болов уу гэж бодож байна. ХҮН нь Ардын нам, Ардчилсан нам хоёроос өөр сонголт мөн гэдэгт би эргэлзэж байна. Бидний ярьдаг Оюутолгой, Тавантолгой, Гацуурт гээд олон асуудлаар тэд байр сууриа илэрхийлдэггүй. Ийм ноцтой, чухал асуудалд тус нам яагаад байр сууриа илэрхийлдэггүй юм бол оо гэж гайхдаг. Маш их мөнгөжүү, бийлэгжүү хөдөлж байгаа харагддаг.

-Ерөнхий сайдыг огцруулах саналд одоогоор хэдэн гишүүн гарын үсэг зураад байна вэ. Ирэх жил гарын үсэг цуглуулсан хэвээр байх уу?

-16 гарын үсэг зурагдсан байгаа. Дэмжиж гарын үсэг зуръя гэсэн хэнд ч бол нээлттэй. Сонгууль болоход хэдэн сарын хугацаа үлдсэн нь чухал биш. Буруу алдаатай шийдвэр гаргасан бол нэг хоногийн өмнө ч болов огцрох процесс явах л ёстой гэж бодож байна.

-Сонгуулийн хуулийг өмнөхөөсөө илүү сайжирсан гээд байгаа. Үүнтэй хэр санал нийлж байна вэ?

-Жижиг намууд, бусад улс төрийн хүчнийг бүх боломжоор нь хаасан хууль болсон. Гурван жишээ хэлж болж байна. Нэгдүгээрт, улс төрийн намууд заавал 180 хоногийн өмнө бүртгүүлсэн байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, шинэ улстөрийн хүчнийг дахин бүртгэхгүй гэсэн хаалт явж байна.

Хоёрдугаарт, заавал тойргоос суудал авсан нам л пропорцианаль тойрог хуваах эрхтэй болж байгаа. Өөрөөр хэлбэл, можариатор тойргоос гараагүй нам пропорцианалиар өндөр санал авлаа ч тэр намд суудал хуваарилахгүй.

Гуравдугаарт, эмэгтэйчүүдийн квот 30 хувиас бага байж болохгүй гэдэг хуульчилсан. 30 хувийн нэр дэвших эмэгтэй байхгүй бол бүртгэхээс татгалзана гэсэн үг шүү дээ.

Б.Туул

Холбоотой мэдээ