Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-29 15:11:19

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 104 жилийн түүхэн энэ өдөр Богд Хаант Монгол улсын түүх судлалыг үндэслэгч Лхамсүрэнгийн Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байна.

Ойн энэ өдөр ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн Богд Хааны ордон музей хамтран “Монголын нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн Лхамсүрэнгийн Дэндэв: Амьдрал, үйл ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Хуралд судлаач, түүхчид түүний талаарх олон сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлсэн юм.

Цагаагчин гахай жилийн үндэсний хувьсгалын талаарх анхны судалгааны бүтээлийг тэрээр туурвиж байжээ. Түүний туурвисан “Монголын товч түүх” хэмээн нэгэн сэдэвт бүтээл нь орчин цагийн  Монгол улсад эх орныхоо түүхийг хэн нэгний нөлөөгүйгээр туурвин бичсэн анхны оролдлого гэдгийг судлаачид тодотгож байлаа.  Мөн түүний бүтээлд Богд хаант Монгол Улсын түүхийг бичихдээ 1911-1920 оны түүхэн үйл явдлыг биеэр үзсэн тэр цагийн явдлыг мэдэхийн дээр, архивын албан баримт сэлтэд тулгуурласан нямбай бүтээл болсныг хэлж  байв.  

Лхамсүрэнгийн Дэндэв нь дотоод хэргийг бүгд захирах яаманд түшмэдийн албыг хашиж байжээ.1911 онд Монгол Улсад үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөж  ялалт байгуулсны дараа шинэ байгуулагдсан яаманд бичээч, эх зохиох түшмэл, бусдад мөнгө зээлдүүлэх газрын түшмэлээр тус тус ажиллаж байсан гэж түүний намтарт дурджээ. Гэхдээ цаг үеийн ороо бусгаа байдал Л.Дэндэвийг тойрч гараагүй ажээ. 1941 онд хилс хиргээр баривчлан 25 жилийн хорих ялаар шийтгэж хөрөнгийг нь хураасан байна.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ