МОНЦАМЭ агентлагаас хос “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-тан төрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-12-28 19:41:51

Монгол Улсын Тусгаар тогтнолын 104 жилийн ойн баярыг тохиолдуулан Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт шагналын хур буулаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус агентлагийн Дотоод мэдээний хариуцлагатай редактор Дарьсүрэнгийн Догсом, спортын сурвалжлагч Дэлгэрцогтын Өлзийсайхан нарыг “Алтан гадас” одонгоор, Эх бэлтгэл, дизайны албаны дарга Нямдашийн Батсүх, Гадаад мэдээний редакцийн хариуцлагатай редактор Зэдээхүүгийн Амгалан нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнаж, хөдөлмөр бүтээлийг нь үнэллээ.

Шагналыг МОНЦАМЭ агентлагийн дарга А.Баатархуяг гардуулж, баяр хүргэсэн юм. Тэрээр хэлэхдээ, “Өнөөдөр манай агентлагийн Дотоод мэдээний нэгдсэн редакциас хоёр сэтгүүлч  “Алтан гадас” одон хүртэж байна. Мөн  гэр бүлийн хоёр  “Хөдөлмөрийн хүндэт медаль” хүртлээ. Энэ бол тун ховор тохиол юм” хэмээн онцолж, цаашдын ажил хөдөлмөрт  нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Дотоод мэдээний редакцийн Хариуцлагатай редактор Д.Догсом нь МОНЦАМЭ агентлагт тасралтгүй 34 жил ажиллаж мэргэжлийн ур чадвараараа бусдыгаа үлгэр жишээчээр тэргүүлж буй туршлагатай сэтгүүлч юм. Тэрбээр тус  агентлагт олон улсын холбооны телетайпчаас эхлээд Дотоод мэдээний редакцийн Хариуцлагатай редактор хүртэлх албыг хашиж байна. Сурвалжлагчаар ажиллаж байх хугацаандаа БСШУЯг ШУА, Эрүүл мэндийн салбарын бүхий л мэдээ, мэдээллийг шуурхай бэлтгэн сонирхолтой ярилцлага, нийтлэлийг уншигчдадаа хүргэсэн нэгэн. Түүний “Их эрдэмтэний хатсан бийрийг хэн дэвтээх вэ”, “Хүн төрөлхтөн Ангараг гарагийг колончлохоор зэхэж байна”, “Сайхан Ерөнхийлөгч, Сайн Ерөнхий сайдыг үзэх гэж гадныхан ирдэггүй” зэрэг олон арван асуудал хөндсөн нийтлэлүүд нь уншигчдыг байлдан дагуулсан юм. Хариуцлагатай редакторын алба хашиж буй тэрбээр  өдөрт 50-60, долоо хоногт дунджаар 250, жилд 13000 гаруй мэдээ, мэдээлэл редакторлон, агентлагийн “Алтан дүрэм”, мэдээний олон улсын стандартыг  баримтлан ажилладаг. Түүнчлэн баг хамт олноо чадварлаг удирдаж, залуу сэтгүүлчдийг мэргэшүүлэн чиглүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Эрүүл мэнд, байгаль орчин, спортын сурвалжлагч Д.Өлзийсайхан нь МОНЦАМЭ агентлагт тасралтгүй 11 жил, хэвлэл мэдээллийн салбарт 32 дахь жилдээ ажиллаж байна. Түүнийг Спортын сэтгүүлч хэмээх тодотголоор нь андахгүй бөгөөд зөвхөн энэ салбарт 14 дэх жилдээ ажиллаж байна. Спортын сэтгүүлчийн хувьд өнөөгийн нийгэмд биеийн тамир, спортын талаар зөв ойлголтыг өсвөр, залуу үеийнхэнд таниулж сурталчлан олимпийн аварга төрүүлэх зорилгоор олон сурвалжлага, нийтлэл, ярилцлага бичиж, нийтийн биеийн тамир, дасгал хөдөлгөөний ач холбогдол болон эмийн зохисгүй хэрэглээний талаар нийтлэл, сурвалжлага нийтлүүлж уншигчдын хүртээл болгож байв. 

Эх бэлтгэл, дизайны албаны дарга Н.Батсүх нь МОНЦАМЭ агентлагт тасралтгүй 23 жил ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн ур чадвар өндөр, хариуцлагатай, идэвхтэй ажилтан юм. Тэрээр МОНЦАМЭ агентлагийн 5 хэлээр гардаг сонины дизайн өнгийг авч явж буй мэргэжилтэн. Мөн тэрээр  агентлагийн нийт ажилтан, албан хаагчид болон тэдний үр хүүхдүүдийн дунд жил бүр төлөвлөгөө гарган олон төрлийн спортын арга хэмжээг сонирхолтой хэлбэрээр зохион байгуулдаг чадварлаг удирдагч бөгөөд байгууллагаараа “Спортыг дэмжигч” хамт олныг бий болгосон.

Гадаад мэдээний редакцийн редактор З.Амгалан нь МОНЦАМЭ агентлаг тасралтгүй 20 жил ажиллаж буй туршлагатай орчуулагч бөгөөд энэ хугацаанд 50 000 орчим мэдээ, материал орчуулж, 61708 мэдээ, материал, тойм тайлбарыг шуурхай, хариуцлагатай редакторложээ. Тэрээр 2007 онд “Яагаад бид таныг баян болгохыг хүсдэг вэ” /Дональд Трамп, Роберт Кийосаки/ хамтарсан орчуулга, 2008 онд “Эрчүүдийг хэрхэн хүмүүжүүлэх вэ? /Стив Биддалф/ бие даасан орчуулгын ном, 2010 онд “MADE IN CHINA: Хятадын тэргүүлэгч үйлдвэрлэл эрхлэгчдээс юу сурч болох вэ” зэрэг номыг орчуулж олны хүртээл болгосон юм.Тэрбээр одоо гадаадын улс орнууд Монголын тухай юу өгүүлж буйг эмхэтгэн орчуулж товхимол гарган хэвлэхээс гадна дэлхийн үйл явдлыг Монголын уншигчдад хүргэх ажлыг гардан хийж буй нэгэн.

 

Ж.Болор

Холбоотой мэдээ