С.Батцэцэг, Э.Бэхбаяр нар “Бөртэ чоно-2015” шагналын эзэд болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-12-26 14:06:54

Улиран одож буй ондоо Монголын спортын шилдэг тамирчин, дасгалжуулагч, баг, спорт холбоодыг тодруулдаг “Бөртэ чоно-2015” ёслол өчигдөр буюу баасан гарагийн үдэш болж шилдгүүд тодорлоо.

МҮОНТ-ийн “600 студи”-ээс эх орон даяар шууд дамжуулсан уламжлалт ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өндөр ач холбогдол өгч хүрэлцэн ирж оролцсон юм. Энэ жилийн Монгол Улсын спортын шилдгүүдийг спортын 97 сэтгүүлчийн саналаар тодруулав. “Бөртэ чоно-2015” шагналын хамгийн оргил шагнал болох “Шилдгийн шилдэг тамирчин” номинацид  эмэгтэй тамирчдаас энэ жил дэлхийн хошой аварга хэмээх хүндтэй цолны эзэн болсон, олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Батцэцэг шалгарсан бол эрэгтэй тамирчдаас чөлөөт бөхийн тамирчин ОУХМ Э.Бэхбаяр “Шилдгийн шилдэг тамирчин” болов. Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол "Бөртэ чоно 2015" ёслолд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэргүүтэй олимп, биеийн тамир, спортын зүтгэлтнүүд, Монголын спортын үе үеийн алдартнууд, спортыг дэмжигч төрийн түшээд болон хүндэт зочид уригдан оролцлоо. Энэхүү хүндтэй ёслолын эхэнд Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахын нэрэмжит шагнал "IOC Trophy" цом бүхий шагналыг Монголын жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш, Улсын аварга О.Балжиннямд гардууллаа.

Энэ үеэр уламжлал ёсоор МҮОХ-ны оны шилдэг олимпийн танхим, олимпийн зөвлөлийг тус тус шалгаруулав. Өмнөговь аймгийн олимпийн танхим, Говь-Сүмбэр аймгийн олимпийн зөвлөл  2015 оны шилдгээр шалгарсан юм. Харин “Оны шилдэг залуу тамирчин”-аар хүндийн өргөлтийн ДАШТ-д VIII байр эзэлж, Монгол Улсын дээд амжилтыг 14 удаа шинэчилсэн ОУХМ М.Анхцэцэг, шилдэг багаар хөлбөмбөгийн “Эрчим” клуб тус тус шалгарч шагналын эзэд болов. Энэ жилийн хувьд шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчинг тодруулсан юм.

“Шилдгийн шилдэг спорт холбоо”-гоор Лас-Вегасын ДАШТ-д Монгол Улсын төрийн далбааг мандуулж нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж олимпийн зургаан эрх өвөртөлсөн Монголын чөлөөт бөхийн холбоо шалгарлаа. Шилдэг холбоогоор: Монголын жүдо бөхийн холбоо,  Монголын буудлагын холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо тус тус шалгарлаа.

Шилдгээр тодорсон тамирчдаа танилцуулж байна.  Эрэгтэй: 1.Эрдэнэбатын Бэхбаяр /Чөлөөт бөх/. ДАШТ-ий хүрэл медаль, Ази тивийн АШТ-ий алт, "Алтан Гранпри" тэмцээний мөнгө, хүрэл медаль хүртэж,  "Рио-2016" олимпийн эрх авсан. /133 оноогоор/, 2. Пүрэвжавын Өнөрбат /Чөлөөт бөх/. ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" Олимпийн эрх авсан. /132 оноогоор/, 3. Батболдын Номин /Чөлөөт бөх/. ДАШТ-ий мөнгөн медаль, Ази тивийн АШТ-ий хүрэл медаль хүртсэн. 107 оноогоор тус тус шилдгээр шалгарлаа.

Эмэгтэй: 1.Соронзонболдын Батцэцэг /Чөлөөт бөх/. ДАШТ-д түрүүлж дэлхийн хошой аварга болсон, "Иван Ярыгиний гран-при" тэмцээнд түрүүлсэн, "Рио-2016" олимпийн эрх.  /228 оноо/, 2. Доржсүрэнгийн Сумьяа (Жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, "Универсиад", "Мастерс", "Гран при"-д түрүүлсэн. /118 оноо/, 3. Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа /Жүдо/. ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Ази тивийн АШТ, "Их дуулга", "Гран при" тэмцээнд түрүүлсэн. /95 оноо/ тус тус шилдгээр тодорлоо.

Дасгалжуулагч: 1. Зэвэгийн Дүвчин Дэлхийн хошой аварга С.Батцэцэгийн багш. /137 оноо/, 2. Хишигбатын Эрдэнэт-Од ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Д.Сумьяа, Ц.Мөнхзаяа нарын багш. /99 оноо/, 3. Цэрэнбаатарын Цогтбаяр Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч. /93 оноо/ тус тус шалгарч Бөртэ чонын эзэд болов.

 

Д.Өлзий


 

Холбоотой мэдээ