Украины парламент ирэх оны төсвөө баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-25 12:45:10

КИЕВ. /RIA Novosti/. Украины парламент 2016 оны улсын төсвийн тухай хуулийг баталжээ. Тус улсын хууль тогтоогчид ирэх жилийн төсвийг ДНБ 3.7 хувийн алдагдалтай байхаар баталсан байна.

Дээрх шийдвэрийг баасан гарагт болсон парламентын ээлжит бус хурлаар 263 гишүүн дэмжсэнээр баталжээ. Одоо уг хуульд Украины Ерөнхийлөгч Петр Порошенко гарын үсэг зурах ёстой.

Ирэх оны төсвийн тухай хуулийн төсөл нь Украины парламентын гишүүдийн дунд ихээхэн маргаан дагуулж, халуухан хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Тухайлбал, эрх баригч эвсэл уг баримт бичгийг “нийгмийн эсрэг” чиглэсэн гэж мэдэгджээ. Учир нь түүнд нийгмийн хөтөлбөрүүд болон зардлын хэмжээг эрс багасгажээ. Хуулийн төсөлд цалин, тэтгэврийг 12 хувиар нэмэгдүүлнэ гэж тусгасан нь ирэх онд инфляц доод тал нь 30 хувьтай байна гэж тооцоолж байгаа нөхцөлд хангалтгүй гэж депутатууд үзэж байгаа аж.

Үүний сацуу улсын төсвөө хэрхэн баталснаас Олон улсын валютын сан Киевт 1.7 тэрбум долларын макро санхүүгийн гурав дахь багц тусламж үзүүлэх эсэх нь шалтгаалах юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ