Ирвэс хамгаалагч залуугийн дурсгалыг хүндэтгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2015-12-25 09:00:02

БОНХАЖЯ-ны удирдлагаад өчигдөр буюу энэ сарын 24-нд Тост Тосонбумбын нуруун дахь цоохор ирвэсийг хамгаалагч агсан Т.Лхагвасүмбэрэлийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа зохион байгуулав.

Т.Лхагвасүмбэрэл нь МУИС-ийг Биологич мэргэжлээр төгсөн “Ирвэс хамгаалах сан”-д биологич, ирвэс судлаач байгаль хамгаалагчаар ажиллаж байсан юм. Ажиллах хугацаандаа цоохор ирвэс, янгир ямааны судалгааг “Хос ажиглагчийн арга” ашиглан хийхийн зэрэгцээ, орон нутгийн иргэдэд болон хүүхэд залууст байгаль орчны талаарх мэдлэг олгох сургалт, судалгааны ажлыг санаачлан амжилттай зохион байгуулан ажилласан нэр хүндтэй залуу судлаач байлаа.

Хүндэтгэл үзүүлэх үэр БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэлэхдээ “Талийгаачтай уулзаж үзээгүй ч түүний ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, төлөв даруу зан чанар, мэргэжилдээ эзэн болсон байгальд элэгтэй нэгэн байсныг журмын нөхөд, ар гэрийнхэн, ахмад ажилтан, эрдэмтэн судлаачидаас сонсож мэдлээ. Дэндүү ихийг бүтээх цэл залуухан насандаа хорвоог орхисонд нь гүнээ харамсаж байна. Түүний хийсэн бүтээсэн үйл ажил бүхнийг үргэлжлүүлэн, дэлхийд ховордсон цоохор ирвэсийг хамгаалж, талийгаачийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх үйл ажиллагаагаа цаг алдалгүй хийнэ” хэмээн хэллээ.

Талийгаачийг нэхэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон тус яамны газар хэтсийн дарга, мэргэжилтнүүд болон Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл, Ирвэс хамгаалах сангийн төлөөлөл, Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн ар гэрийнхэн оролцлоо.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ