Өвөрхангайн агрономичид Японд мэргэжил дээшлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 09:39:19

Өвөрхангай аймгийн агрономичид Япон улсын Хоккайдо мужийн Такикава хотод газар тариалангийн чиглэлээр мэргэжил дээшлүүлээд ирлээ.

Япон улсын Засгийн газраас Орон нутгийн албан хаагчдын хамтын ажиллагааны солилцооны хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын мэргэжилтнүүд, Хархорин, Нарийнтээл, Арвайхээр, Төгрөг сумдын агрономичид болох 12 хүнийг 6 сарын турш сурган дадлагажуулсан байна.

Тэд ферм, аж ахуйн нэгж байгууллага, нэгдэл гэх мэт нийт 50 гаруй газрын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судласан ба газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 12 ферм дээр очиж цагаан будаа, хавар, намар тариалдаг гурил, хүнсний ногоо, буурцагт ургамал, жимс зэргийг тариалах, арчлах, хулууг, өргөст хэмхийн үрслэгтэй залгалт хийх, алимны мөчрийг үндсээр болон мөчрөөр залгалт хийх зэрэг арга технологиос суралцжээ. Энэ хугацаанд Монголдоо тариалж болох ургамал, модны төрлүүдийг мэдэж авснаас гадна өөрсдийн тарьсан ногоогоор олон төрлийн хоол хийх технологи сурснаа хэлж байв.

Түүнчлэн Япон улсын хөдөө аж ахуйн бодлого, уламжлалт менежментийн аргаас суралцан Хөдөө аж ахуйн нэгдэл, Экстейншиний төв, Асахикива хот дахь Камикавагийн Хөдөө аж ахуйн үрийн шинжилгээний хүрээлэн, Такикава хотын бөөний борлуулалтын зах гээд олон байгууллагын үйл ажиллагаатай танилцсан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд оролцсон байна.

 Б.Батчимэг

Холбоотой мэдээ