Шинжлэх ухааны 10 цуврал сурагчдын гарт очно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-23 16:51:44

Монгол Улсын ШУА-иас 2015 оныг “Шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх жил” болгон зарласны дагуу эрдэмтэн, судлаачид хүүхэд залуучуудад зориулан “Шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал 10 ном”-ыг бичиж хэвлүүллээ.

Нийт 10 мянган хувь хэвлэгдсэн энэхүү цуврал хүүхэд залуусын гарт очих юм. Эхний ээлжинд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын  214 сургуульд бэлэглэхээр болжээ.

Тус цуврал бүтээл нь физик, хими, биологи, ботаник, палеонтологи, түүх, археологи, философи зэрэг шинжлэх ухааны олон салбар чиглэлийн мэдлэгийг хүүхэд, залууст энгийн, ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлогтой. Цуврал бүтээлийг дараагийн ээлжинд 21 аймгийн ЕБС-ийн сурагчдад хүргэх юм.

Цуврал 10 бүтээлийг танилцуулж байна. Үүнд:

Академич Р.Тогоо “Орчлонгийн үүсэл”
Академич Ц.Оюунсүрэн, доктор Ш.Болдбаатар “Амьдралын үүсэл”
Доктор Б.Батсүрэн ”Монголчуудын уг гарвал”
Академич Б.Чадраа “Цахилгаан”
Доктор Д.Цэвээндорж, доктор Я.Цэрэндагва “Монгол орон: археологийн баян галерей”
Доктор Я.Ариунчимэг, доктор Л.Уранбилэг “Монгол орны эртний амьтан ургамал”
Доктор Я.Адъяа, доктор Б.Мэндсайхан “Монгол орны экологи ба амьтад”
Доктор Х.Түмэннасан “Генетикийн гайхамшиг”
Академич Ж.Тэмүүжин, доктор Г.Сэвжидсүрэн “Нанотехнологи”
Доктор С.Соёлмаа, магистр Б.Цэрмаа “Орчлон ертөнцийн тухай хүмүүний ухаарлын дүр зураг”

Энэхүү цуврал бүтээлийн нээлт, ном бэлэглэх ёслолын ажиллагаа маргааш ШУА-ийн байранд болох юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ