Онцгойгийнхон 7 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-09-10 16:08:02

Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын гамшиг, ослын үед ажиллах бэлэн байдал, албан хаагчдын ажлын нөхцлийг сайжруулах зорилгоор энэ онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан гал унтраах болон аврах ажлын зориулалттай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хуваарилан өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид боллоо.

Тус ажиллагаанд Шадар сайд Ц.Оюунбаатар энэхүү орчин үеийн автомашин, техник тоног төхөөрөмж нь Онцгой байдлын албаны албан хаагчдын  улс эх орны тогтвортой, аюулгүй байдлыг хангах, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг аврах хамгаалах үйлсэд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болж байгааг онцлоод нийт албан хаагчдад ажлын амжилт хүслээ.

Өнөөдөр ийн Аврах тусгай анги, нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудад аврахын болон гал унтраах  зориулалттай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл очиж байна. Мөн хийлдэг дэр, гал сөнөөгчийн хүн нэг бүрийн хэрэглэл, галын аюулгүйн хучлага, үлээгч аппарат, үүргэвчин ус шүршигч зэрэг багаж хэрэгсэл дагалдаж байгаа юм. Түүнчлэн аврах ажлын болон галын туслах 30 гаруй автомашины түлхүүрийг цэнхэр хадгийн хамт төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын удирдлагуудад  хүлээлгэн өгөв. 

Тус албаны хэмжээнд аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн хангалт 23 хувьтай байгаа аж. Тиймээс Засгийн газраас энэ онд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар онцгой байдлын албаны тоног төхөөрөмжийн хангалтыг бэхжүүлэхэд 20 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү хөрөнгө оруулалтаар аврах, гал унтраах автомашин, техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн тоо, чанар, нөхөн хангалт 10 хувиар өсөх юм.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд