М.Эрдэнэжаргал:Намын төлөөллийг оролцуулна гэж МЗХ-ны дүрэмд заагаагүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСМонголын Залуучуудын Холбооны Хариуцлагын хорооны дарга М.Эрдэнэжаргал Увс аймагт ирж Увс аймгийн Залуучуудын холбооны ээлжит бус хурлыг хийсэн юм. Ээлжит бус хурал яагаад хийж байгаа талаар түүнээс тодрууллаа.
-МЗХ-ны салбар Увс аймгийн Залуучуудын холбооны ээлжит бус хурлыг зарлан хуралдууллаа. МЗХ-ны үндсэн дүрэмд Хариуцлагын хороо нь бүх шатны хороодын ээлжит болон ээлжит бус чуулганд зөвлөх болоод хянах эрхтэйгээр оролцоно гээд заачихсан байдаг. Тэр дүрмийн хүрээнд энэ хурал болж өнгөрлөө. Өмнөх Залуучуудын холбооны тэргүүлэгчээр ажиллаж байсан ганц нэг хүн хурал дээр орж ирээд энэ хурал хүчингүй гээд ярьж байна. Хариуцлагын хороо нь Залуучуудын холбооны дүрмийг сахиулах, үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй бөгөөд дарга нь өөрөө ирээд дүрмийн хувьд хяналт тавьж ажилласан. Увсын залуучууд дүрмийнхээ хүрээнд хурлаа хийлээ гэж үзэж байна.
-Өмнө нь байгуулагдсан аймгийн Залуучуудын холбоо маань юу болсон болоод энэ удаагийн ээлжит бус хурлыг хийж байгаа юм бэ?
-Өмнөх Залуучуудын холбооны дарга байсан С.Наранбат гэдэг хүний хувьд бүтэн жилийн хугацаанд МЗХ-ны төв байгууллагатайгаа холбоотой ажиллаж чадаагүй. Монголын Залуучуудын холбоо 2015 оны 3-р сарын 28-нд 5-р их хурлаа хийж, дүрэм болоод бүтэцдээ өөрчлөлт хийсэн. Тэгэхдээ бүх үйл ажиллагааны тайлан мэдээг шилэн системээр явуулахаар шийдсэн бөгөөд Увс аймгийн Залуучуудын холбоо шилэн системд мэдээллээ байршуулаагүй, тайлангаа хэлэлцүүлээгүй. Дээрээс нь гишүүний татвар хураамж төлөх үүрэгтэй байсан түүнийгээ төлөөгүй. Үндсэн дүрмийн 7.4, татварын журмын 5.2, 5.3 дахь заалтуудыг үндэслэн Увс аймгийн Залуучуудын холбооны дарга байсан С.Наранбат гэж хүнд хариуцлага тооцож, тэргүүн тэргүүлэгч нартай нь хамт чөлөөлсөн. Увс аймгийн Залуучуудын холбоо тэргүүн, тэргүүлэгчгүй болсон тул ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, тэргүүн, тэргүүлэгч нарыг сонгож, залуучуудын байгууллага цаашид үйл ажиллагаагаа тогтмол явуулах боломжтой болоод байна.
-Нэг намын талыг барьсан хурал боллоо гэж зарим хүмүүс үзэж байна. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-Тэргүүн, тэргүүлэгч нарын хувьд дүрмийн хүрээнд сонгогдож байгаа тул нэг талыг барьсан, эсвэл таалагдсан, таалагдаагүй гэсэн тайлбар хэлэх нь миний хувьд боломжгүй. Манай холбооны дүрэмд 16-39 нас хүрсэн залуу хүнийг Монголын Залуучуудын Холбооны гишүүн гэж үздэг. Увс аймагт амьдардаг 16-39 насны залуучууд энэ хуралд оролцож, тэргүүн, тэргүүлэгч нараа дүрмийн дагуу сонгосон л бол боллоо. МЗХ-ны тэргүүн, тэргүүлэгчээр намуудын төлөөллийг тэгш оролцуулна, хурлын төлөөлөгчдийг намын гишүүдээр бүрдүүлнэ гэсэн үг, өгүүлбэр манай дүрэмд байхгүй. Иймээс нэг талын төлөөлөл оролцсон хурал боллоо гэж үзэх үндэс байхгүй.
Увс аймаг Б.Батхүү