“ДЦС-5” төслийн талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-12-18 13:50:26

Эрчим хүчний сайд Д,Зоригт Европын холбооны сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Эрчим хүч, уул уурхай хариуцсан захирал Риккардо Пулити, ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Мэтью Ле Блан нарыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар “Дулааны цахилгаан станц-5” төслийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал бодлоо солилцсон юм. 

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэгцээг хангах 450 МВт-ын хүчин чадал бүхий "Дулааны Y цахилгаан станц"-ын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, засвар үйлчилгээ хийх, шилжүүлэх нөхцөлтэй концесс олгох уралдаант шалгаруулалтыг  2011 онд явуулсан.  2014 оны зургадугаар сарын 20-ний өдөр Засгийн газар концессын гэрээг төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан “International Power Plc, Sojitz Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэлийн Монгол Улсад бүртгэлтэй “Фифт Комбайнд Хийт Энд Пауэр Плант” ХХК-тай байгуулсан юм. 
Консорциум нь Жи Ди Эф Суэз (Франц), Сожитц (Япон), Поско (Солонгос), Ньюком (Монгол) гэсэн бүрэлдэхүүнтэй ба Ньюком нь ДЦС-5-ын хувьцааны 10 хувийг эзэмшинэ. 
Жи Ди Эф Суэз нь эрчим хүчний дэд бүтцийн хөгжүүлэлт, санхүүжилт, ашиглалтын талаар тэргүүн зэргийн туршлагатай компани бөгөөд нийт хувьцааны 30 хувийг эзэмшдэг. 
Сожитц корпораци болон Поско Энержи нь тус бүр хувьцааны 30 хувийг эзэмшихээс гадна энэхүү төслийн хувьд өндөр өрсөлдөх чадвар бүхий олон улсын банк, санхүүгийн байгуулагуудыг татан оролцуулах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Засгийн газрын ажлын хэсэг болон Фифт Комбайнд Хийт энд Пауэр Плант ХХК нь дагалдах гэрээний хэлэлцээрийг хийж байгаа бөгөөд 2015 оны 12 дугаар сард санхүүгийн хаалт хийхээр ажиллаж байгааг хэллээ.

Концессын гэрээнд 2014 оны зургадугаар сарын 20-нд талууд гарын үсэг зурснаас ажлын хэсэг концесс эзэмшигчтэй “Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ний хэлэлцээр хийж байна. 
Нүүрс нийлэх, ус хангамжийн гэрээ зэрэг дагалдах гэрээний хэлэлцээрүүд үргэлжилж байгааг онцлов.

Холбоотой мэдээ