“Монгол туургатан” боксын анхдугаар тэмцээнд манай боксчид илүүрхэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-16 11:23:40

“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс санаачлан Монголын боксын холбоо дэмжин, хамтран зохион байгуулсан “Монгол туургатан” боксын анхдугаар их наадам энэ сарын 12-14-нд Бөхийн өргөөнд амжилттай болж монгол боксчдын ялалтаар өндөрлөв.

Энэ удаагийн тэмцээнд Монгол, ОХУ-ын Буриад, Тува, Халимагийн ширэн бээлийтнүүд зургаан жинд AIBA-гийн дүрмийн дагуу гурван минутаар гурван үе тоглосон. Энэхүү анхдугаар тэмцээнд БНХАУ-ын Өвөрмонголын тамирчид тодорхой шалтгааны улмаас оролцоогүй. Зөвхөн эрэгтэйчүүдийн ангиллаар зохион байгуулсан тус тэмцээнд зохион байгуулагч орны давуу эрхээр жин тус бүрт дөрөв, бусад нь нэг тамирчнаа оролцуулсан юм.

Энэ удаа манай боксчид бүх жинд түрүүлж багаараа 750 крат сорьцтой шилжин явах цомын эзэн боллоо. Тэмцээний дүнг танилцуулж байна. 49 кг-д: Алтан медалийг ОУХМ Г.Ган-Эрдэнэ /УАШТ-ий дөрвөн алт, ААШТ-ий хүрэл медальт/, мөнгөн медалийг Николай Каранхаев /ОХУ-ын залуучуудын улсын аваргын хүрэл медальт, Буриадын аварга, 18 настай, Халимаг/, хүрэл медалийг Д.Мөнх-Эрдэнэ тус тус хүртжээ.

Тус тэмцээний 52 кг-д алтан медалийн эзнээр Х.Энх-Амар, мөнгөн медалийг М.Гандулам, хүрэл медалийг Н.Александр /Халимаг/ нар авлаа. Харин 56 кг-д Э.Цэндбаатар алтан медалийн эзэн /19 настай тэрбээр хагас шигшээд Араш Абушиновыг хүнд цохилтоор ялсан/ болов. ОУХМ Э.Идэрхүү мөнгөн медаль хүртсэн бол залуу тамирчин Б.Мишээлт хүрэл медалийн эзнээр тодорлоо.  Харин 60 кг-д туршлагатай ОУХМ О.Батхүү аваргын алтан медаль хүртэж,  мөнгөн медалийн эзнээр Азийн наадам, Азийн АШТ-ий аварга Д.Отгондалай /Тэрбээр, хагас шигшээд Тувагийн Кежик Болат-Оолтой тоглож байх үеэр түүний зовхи задарснаар алтан медалийн төлөөх тулааныг өнжсөн юм/, хүрэл медалийг Ц.Пүрэвсүрэн хүртлээ.

Тус тэмцээний 64 кг-д Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг аваргын алтан медаль хүртэж, мөнгөн медалийн эзнээр Начин Чамбалдо /Тува/ тодорсон бол залуу тамирчин Т.Баярхүү хүрэл медаль хүртлээ. Энэ жинд гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ бэртлийн улмаас оролцоогүй. Харин 69 кг-д манай туршлагатай тамирчин ОУХМ Б.Түвшинбат алтан медаль хүртэж, ОХУ-ын Буриад улсын тамирчин Назар Проссианников мөнгө, О.Батзориг хүрэл медаль тус тус хүртлээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ