Уламжлалт эмчилгээний шилдэг бүтээлүүд шагнал гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-12-15 15:44:02

ӨМӨЗО-ны Хөх хотод өнгөрсөн 10 дугаар сард болсон “Монгол-Хятадын анхдугаар экспо”-гийн  Олон улсын монгол эмнэлгийн эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж, шалгарсан өгүүлэлд шагнал гардуулах ёслол өнөөдөр ЭМСЯ-нд боллоо.

Тус хуралд Монгол Улсын Уламжлалт анагаах ухааны чиглэлээр эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг клиникийн томоохон эмнэлгүүд, улсын болон хувийн уламжлалт анагаахын их, дээд сургуулиуд, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн нь эрдэм шинжилгээний ололт, амжилт, шинэ техник технологи, туршлагаа солилцох зорилгоор нийт  54  өгүүллэгийг хэлэлцүүлсэн юм. Эдгээр өгүүллэгийг Хөх хотын зохион байгуулах комиссоос шалгаруулж  эхний байранд 4, хоёрдугаар  байранд 8, гуравдугаар байрт 9  өгүүллийг шалгаруулжээ.

Нэгдүгээр байрт Д.Цэрэндагва, Г.Одонцэцэг, Н.Оюунцэцэг, Ч.Батнайрамдал, Б.Оюунгоо нарын  “Монгол  улсад уламжлалт анагаах ухааны хүний их эмч, мэргжилтэн бэлтгэсэн  хөгжлийн түүх” бүтээлээр, хоёрдугаар байрт С.Хишигжаргал, З.Сүхээ нарын “Архаг сульдал хам шинжид сэвжид тангийн үзүүлэх нөлөөг судалсан дүн” сэдвээр, гуравдугаар байрт Д.Цэнд-Аюуш Д.Бөхцэцэг нарын “Уламжлалт юнва-4, тангийн бактери, мөөгөнцрийн эсрэг үзүүлэх ипэвхийг судалсан үр дүн” сэдвээр тус тус эзэлж батламж, дурсгалын зүйлээр шагнууллаа.

Шагналыг Төрийн нарийн бичгийн  дарга Н.Бат-Эрдэнэ гардуулсан юм. Тэрбээр, Монголын уламжлалт анагаах ухаан  нь бидний өвөг дээдсийн сэтгэлгээний цар, хөдөлмөрийн үр шимээр цогцлон бүрдэж, нүүдэлчин ардын соёл иргэншлийн онцлог байдлыг тусган, өнгөрсөн цагийн түүхэн шалгуурыг туулахдаа амар хялбар зам туулаагүй ч эдүгээ Монголын эрүүл мэндийн салбарт бүхэл бүтэн тогтолцоо болж, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг онцлоод цаашдын ажилд нь амжилт хүсье” гэв.

Ж.Болор

Холбоотой мэдээ