Такси үйлчилгээнд мөрддөг батлагдсан тариф гэж байхгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Мандалговь хотын такси үйлчилгээнд зөв талдаа жолооны хүрдтэй, арваас доош жилийн насжилттай автомашин ашигладаг болж хэвшээд байна. Ийм шаардлагыг Авто тээврийн төв такси үйлчилгээ эрхлэгчдэд тавьсаар өнөөдрийн байдлаар 67 таксины 90 гаруй хувь нь дээрхи шаардлагыг хангаж чаджээ.
Техникийн хувьд ингэж сайжруулж байгаа ч такси үйлчилгээний батлагдсан үнэ тариф гэж алга байгаа юм. Такси үйлчилгээнд тогтоосон үнэ тариф байх эсэх, автомашиныг сайжруулж байгаа шиг таксиг тоолууртай болохыг шаардах уу гэдгийг Авто тээврийн төвийн дарга Д. Цогбадрахаас лавласан юм. Тэрээр хэлэхдээ, “Үнэ тарифыг хэн тогтоох вэ гэдэг нь хууль тогтоомжид тодорхой заасан зүйл байхгүй. Одоогоор ахмад настан 700, иргэд 1000 төгрөгийг км тутамд төлөх байдлаар нь тариф ерөнхийдөө тогтчихсон байгаа. Тоолуурын хувьд яригдаж байгаа асуудал бий” гэв.
Анх 2000 онд Мандалговь хотноо такси үйлчилгээ эхэлж байсан бөгөөд хэсэг хугацаанд тасарсаны эцэст 2007 оноос дахин сэргэсэн байдаг. Тэр үеэс ахмад настан 500, иргэд 700 төгрөгөөр зорчих үнэ тогтоод байсан бөгөөд шатахууны үнийн нэмэгдлээс улбаалан такси үйлчилгээ эрхлэгчид үйлчилгээний үнийг өсгөх талаар хотын захирагчид хүсэлт гаргаж, таксины үнийг 700- 1000 төгрөг болгож нэмэгдүүлэх захирамжийг Мандалговь хотын захирагч 2012 онд гаргасан. Гэхдээ энэ захирамжийг хууль тогтоомжид нийцээгүй, хотын захирагч үнэ тариф тогтоох эрхгүй гэдэг үндэслэлээр аймгийн ЗДТГ- ын Хууль зүйн хэлтэс хүчингүй болгосон байдаг.
Түүнээс хойш такси үйлчилгээний батлагдсан үнэ тарифгүй явж ирсэн бөгөөд одоо таксид мөрдөж байгаа үнэ нь хүчингүй болгосон захирамжаар тогтоож байсан тариф байгаа юм.
Дундговь Т. Отгонтуяа