Хог хаягдлын хураамжаас төвлөрөх орлогын ихэнх хувь тасарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬХог хаягдлын хураамжаас орон нутгийн орлогод төвлөрөх 50 гаруй сая төгрөгийн хорь хүрэхгүй хувь нь орж, энэ орлого тасарч байна.
Энэ оны эхэнд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр хог хаягдлын төлбөрийн жишиг үнэ тогтоосон байдаг. Энэ жишгээр гэр хорооллын айл өрх, болон малчин өрхийн нэг хүн жилд 3600, орон сууцных 3000, сургууль, цэцэрлэгийн нэг хүүхэд 170, халаалтын зуух нэг шоо метр үнсэнд 1550 төгрөг гэхчилэнгээр хог хаягдал гаргагч 22 эх үүсвэрээс хураамж авахаар тогтоосон. Үүнийг зөвхөн аймгийн төв бус Дундговь аймгийн хэмжээнд мөрдөж ажиллах учиртай боловч хэрэгжилт тун тааруу байгаа юм.
Дээр нь хог хаягдлын менежмент ялангуяа аймгийн төвд орхигдсон байдалтай. Мандалговь хотын тохижилт үйлчилгээний алба, “Дундговь- Ус” ОНӨҮГ хог хаягдлын асуудлыг өөр хоорондоо түлхэн явсаар байгаа зэрэг нь хог хаягдлын хураамж төвлөрөхөд багагүй саад болжээ.
Ирэх онд ч мөн хог хаягдлын хураамжаас 50 гаруй сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөв батлаад байгаа. Хэрвээ хог хаягдлын менежментийг сайжруулж, нэгдсэн зохион байгуулалтад оруулан, дорвитой алхам хийж чадвал хог хаягдлын хураамжаас төвлөрөх орлого бүрэн биелэх боломжтой гэдгийг Аудитын газрын дүгнэлтээр ч хэлж байгаа юм.
Дундговь Т. Отгонтуяа