" Ардчилсан засаглалын 1000 өдөр" арга хэмжээг жишиг болохуйц ажил гэж дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 16:37:15

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 5-нд Увс аймагт ажиллалаа. Тэрбээр Улаангом хотноо хэрэгжсэн “Гудамж төсөл”-ийн нээлтэд оролцсоны зэрэгцээ бензин шатахууны үнэ буулгах, “Увс дахь Ардчилсан засаглалын 1000 өдөр”-ийн хаалтын арга хэмжээнд оролцсон юм.

“Гудамж төсөл”-ийн хүрээнд Увс аймгийн Улаангом хотноо 10.5 км авто зам, 2.1 км 8 уулзвар тойрог, 14.5 км явган хүний зам, 2.1 км дугуйн зам, 8.2 км гэрэлтүүлэг, газар доорх инженерийн байгууламж бүхий стандартын шаардлага хангасан цогц бүтээн байгуулалт хийгдсэн билээ. Шинэчлэлийн Засгийн газар 1.5 сая ам долларын “Чингис” бондыг босгож, 2013 оноос “Гудамж төсөл”-ийг Улаанбаатар хот болон Архангай, Хэнтий, Увс аймгуудад хэрэгжүүлснээр ийнхүү ашиглалтад хүлээн авахад бэлэн болоод байгаа юм.  

УИХ-ын дарга З.Энхболд “Гудамж төсөл”-ийн нээлтэд оролцох үеэрээ энэ төслийг хэрэгжүүлэхэд амар хялбар байгаагүй. Улсын нийслэлд ч, аймгийн төвүүдэд ч хот төлөвлөлтийн бодлого алдагдаж, замбараагүй газар олгосны уршгаар зам тавих газрыг чөлөөлөх ажил багагүй бэрхшээлтэй тулгарсан. Гэвч “Гудамж төсөл”-ийн баг, аймаг, хотын удирдлага, иргэдийн хамтын ойлголцол, хүчин чармайлтын үр дүнд Улаанбаатар хот болон дээрхи гурван аймагт энэ төсөл амжилттай хэрэгжээд байна гэсэн юм. Тэрбээр цааш нь, сүүлийн үед зарим нэг төрийн өндөр алба хашиж буй эрхмүүд төрөлх нутгийнхаа бүтээн байгуулалтыг үгүйсгэсэн, улс төрийн өчүүхэн хонжоо олох зорилготойгоор худал мэдээлэл цацаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Увс аймагт хэрэгжсэн “Гудамж төсөл”-ийг мөнгө угаасан, ямар ч үр дүнгүй, чанаргүй ажил болсон мэтээр ярьж, бичиж байна. Худал үг хэдий хортой ч үнэнд гүйцэгдэнэ гэдэг. Бид өнөөдөр энэ төслийн хөрөнгөөр барьсан замыг дэд бүтцийн хамт хүлээн авч байгаа нь бодит үр дүн юм. Манай Увсчууд бүтээлч сэтгэлгээтэй, хөдөлмөрч ард түмэн гэдгийг би мэднэ. Та бүхэн 2013-2015 оны хооронд 1000 өдөр уйгагүй хөдөлмөрлөж, ихийг бүтээн байгуулсан учраас Увс аймаг 2015 онд Шилдэг аймгаар шалгарсан. Цаашид энэ амжилтаа бататгаж, Улсын Их Хурал, Засгийн газартайгаа нэг баг болж, илүү эрч хүчтэй ажиллаж, төрөлх Увс нутгаа цэцэглүүлэн хөгжүүлэхийг Та бүхэндээ уриалж байна хэмээн үгээ төгсгөсөн юм.
“Гудамж төсөл”-ийн ажлыг БНХАУ-ын “Шинжиан шин фа” компани гүйцэтгэсэн бөгөөд энэхүү компани нь Увс аймгийн “Дэглий цагаан” олон улсын нисэх онгоцны буудал, Тээл-Үзүүрийн булаг чиглэлийн 195 км авто замыг барьсан билээ.

Тэндээсээ УИХ-ын дарга “Магнай трейд” компанийн ШТС-ийн салбар дээр очиж бензин шатахууны үнэ бууруулах арга хэмжээнд оролцлоо.
 2013 онд Увс аймаг орон нутагтаа зохицуулалт хийж, нефть импортлогчид нартай зөвшилцөн бензин шатахууны үнийг 80 төгрөгөөр бууруулж байсан юм. Тэгвэл Засгийн газраас бензины үнэ буулгах бодлого хэрэгжүүлснээр энэ сарын 5-аас эхлэн Увсад бензин, шатахууны үнэ 120-260 төгрөгөөр буулаа. Увс аймгийн хувьд бензин шатахууны сарын хэрэглээ ойролцоогоор 1.4 сая литр байдаг байна. Бензиний үнэ буурснаар сардаа 390 гаруй сая төгрөг, жилдээ 4.7 тэрбум гаруй төгрөгийг Увсынхан хэмнэх боломжтой болоод байна.  

Шатахууны үнийг литр тутамдаа 120-260 төгрөгөөр бууруулсанаар эдийн засгийн үр ашиг дээшилж, бараа бүтээгдэхүүний үнэ ханш буурч, ард иргэдийн ахуй амьдралд бодитой үр дүн гарах юм хэмээн Увсын ард түмэн баяртай байна. УИХ-ын дарга ч үүнд эргэлзэхгүй байгаагаа илтгэсэн юм.

УИХ-ын дарга З.Энхболд тэндээсээ аймгийн Спорт цогцолборт очиж “Увс аймаг дахь Ардчилсан засаглалын 1000 өдөр”-ийн хаалтын арга хэмжээнд оролцлоо.

Увс аймгийн ИТХ, Засаг дарга, түүний тамгын газраас  “Увс аймаг дахь Ардчилсан засаглалын 1000 өдөр” арга хэмжээг зохион байгуулж, 2013-2015 онд дэвшүүлсэн бодлого, өмнөө тавьсан зорилтынхоо хэрэгжилтийг энэ намар өрх бүрээр орж ард иргэддээ тайлагнасан билээ. Энэ хүрээнд 50 гаруй ажлын хэсэг гарч 7000 гаруй айл өрхөөр орж, 28 мянган хүн амд Увс аймаг дахь Ардчилсан засаглалын 1000 өдрийн ажлын тайланг тавьсан байна.

Үүнийг Монгол Улсын хэмжээнд жишиг болохуйц үр дүнтэй ажил болжээ хэмээн УИХ-ын дарга сайшаагаад Увс аймгийн хувьд үндэсний хэмжээний бодлого шийдвэрийг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлсэн төдийгүй, орон нутгийн түвшинд шинэлэг, ухаалаг хэд хэдэн бодлого шийдвэрийг гаргаж, амжилттай хэрэгжүүлсэн байна гэлээ. Тухайлбал, Увс аймагт 1990-2012 оны хооронд 98 орон сууц баригдаж байсан бол Монгол Улсын Засгийн газраас баталсан 8 хувийн зээлийн бодлогын үр дүн, орон нутгийн удирдлагын оновчтой менежментээр хувийн хэвшлээ дэмжиж, хамтарч ажилласнаар 2013-2015 онд 642 айлын орон сууц ашиглалтад оруулсан байна. Мөн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт бүх аймгийг улсын нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох бодлогын хүрээнд Улсын нийслэлтэй холбогдох 195 км хатуу хучилттай авто замыг ашиглалтанд оруулж, 135 км замын ажлыг эхлүүлж 70 хувийг гүйцэтгэсэн байна. Тэрчлэн, Баруун бүс нутгаа цахилгааны дотоодын эх үүсвэрээр хангах санаачлага нь ажил хэрэг болж 60 мвт-ын хосломол цахилгаан, дулааны станц барих ажлын гэрээг хийж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлж 5 сумын төвийг нэгдсэн халаалтанд холбож, гэр хорооллын айл өрхүүдийг төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлыг эхлүүлэн, Тэс сумыг улсын жишиг сум болгож тохижуулсан зэрэг үр дүнтэй ажлуудыг хийсэн байна хэмээсэн юм.
Тэрбээр мөн Увс аймгийн ард иргэдийг шинэ оноо амжилтаар дүүрэн угтаж, ирэх ондоо эрүүл энх, сайн сайхан байхын ерөөлийг өргөн барилаа.

УИХ-ын дарга З.Энхболд тэр өдөртөө багтаж нийслэлийг зорьсон юм.

Увс аймаг Б.Батхүү

 

 

関連ニュース