Ой хээрийн түймрээс сэргийлэх ажлын хэсэг зургаан чиглэлд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-04-17 13:00:14
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас сумдад ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд аймгийнхаа сумдыг зургаан бүсэд хуваан ажлын хэсэг ажиллаж эхэллээ.
Тус аймгийн нийт нутгаар хуурайшилтай байгаа учраас ажилласан сум бүртээ түймэр гарсан үед бэлэн байх нэг, хоёрдугаар ээлжийн бүрэлдэхүүн хэсгийг байгуулж хэрхэн ажиллах талаар сургалт, заавар зөвлөгөө өгч байна. Мөн санаандгүй орхисон тамхины шилбэ, үнс нурамнаас гал гарч хичнээн их хохирол учирч болзошгүй талаар  иргэдэд анхааруулга сэрэмжлүүлэг өгч байгаа ажээ.
Ажлын хэсэг сумдад ажилласан тайлан мэдээг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж цаашид орон нутагт авах арга хэмжээг хэлэлцэх гэнэ. Энэ онд тус аймгийн хэмжээнд ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 50 гаруй сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд иргэдэд мэдээлэл, сурталчилгаа хийж, хилийн 10 заставт гал үлээгч унтраагч аппарат зэргийг шаардлагатай багаж хэрэгсэл авч өгөхөөр төлөвлөжээ.
 
Б.Гантуяа
 
関連ニュース