Р.Тиллерсоныг огцруулсан тодорхой шалтгаанууд

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-03-14 15:10:45
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон албан тушаалаасаа огцорч, түүний оронд Тагнуулын төв газрын захирал Майк Помпео ажиллахаар болжээ. Тиллерсоныг 9-ний баасан гарагт огцруулсан тухай “The Washington Post” сонинд мэдээлж байсан юм. Түүнийг огцруулах гэж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш Америкийн зарим хэвлэлээр цацагдсаар байлаа.
 
Ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга хоёрын дунд “даван туулах боломжгүй гүнзгий санал зөрөлдөөн үүссэн” хэмээн хэвлэлүүдэд бичиж байсныг Цагаан ордон, Төрийн Департамент хоёрын аль аль нь няцаасаар иржээ. Тухайлбал, Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Хезер Науэрт хэлэхдээ “Ерөнхийлөгч болон Төрийн нарийн бичгийн даргын хооронд ялимгүй үл ойлголцол үүссэн боловч энэ нь Тиллерсон албан үүргээ гүйцэтгэхэд саад болохгүй” гэж байв.
 
Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон тэр үеэс хойш ноён Рекс Тиллерсон Ерөнхийлөгч Д.Трамптай олон улсын харилцаа болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой гол гол асуудлаар санал нийлдэггүй байсан нь тодорхой болжээ.
 
Р.Тиллерсон өөрийг нь огцруулсан шалтгааныг мэдэхгүй гэж байгаа бол Ерөнхийлөгч Д.Трамп түүнтэй санал бодол нийлдэггүй байснаа ил шууд мэдэгдлээ. Энэ талаар “Америкийн дуу хоолой” /VOA/ агентлаг хэрхэн дүгнэн бичсэнийг орчуулан толилуулбал:
 
Солонгосын хойгийн асуудлаар:
 
-Д.Трамп бүр анхнаасаа мэдэгдэхдээ “Тиллерсон тохиролцоо хийх гэж маш ихээр цаг алдаж байна” хэмээн шүүмжилж байв.
 
-Р.Тиллерсоны хувьд Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийн төлөө байжээ.
 
Ираны цөмийн гэрээ
 
-Иран улс гэрээний нөхцлийг биелүүлж байгаа гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс Д.Трамп татгалзав. Гэхдээ гэрээг хүчингүй болгоогүй юм.  
 
-Р.Тиллерсон Ерөнхийлөгчид хандан, Иран улс гэрээний нөхцлийг сахин мөрдөж байгааг хүлээн зөвшөөрөхийг уриалав.  
 
Катарын асуудал
 
-Терроризмыг ивээн тэтгэж байна хэмээн Катар улсыг Саудын Арави буруутгасантай Д.Трамп санал нэг байв.
 
-Р.Тиллерсон Персийн булангийн орнуудад хандан Катарыг бүслэн хаахаа зогсоохыг уриалжээ.
 
Парисын уур амьсгалын гэрээ
 
-Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээнээс АНУ гарах гэж байгаа талаар Ерөнхийлөгч Д.Трамп НҮБ-д мэдэгдэв.  
 
-Р.Тиллерсон уур амьсгалын гэрээнээс АНУ-ыг гаргахын эсрэг байр суурьтай байв.
 
Афганистаны асуудлаар
 
-Д.Трамп Афганистан дахь Америкийн цэргийн хүчийг зузаатгасаар байсан бөгөөд “манай цэргүүд ялалтанд хүртлээ тулалдах болно” гэж мэдэгдэж байв.  
 
-Р.Тиллерсон мэдэгдэхдээ “АНУ-ын зорилго бол талибуудыг хэлэлцээний ширээний ард суулгах явдал мөн” гэж байлаа.
 
Америкийн сонгуульд оросууд хөндлөнгөөс оролцсон тухайд
 
-Оросууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож, түүний дүнд нөлөөлсөн гэж буруутгаж байгааг Д.Трамп “худал  үг яриа” гэж нэрлээд Оросын Ерөнхийлөгч үүнийг үгүйсгэн няцаасан нь итгэл төрүүллээ гэж мэдэгдэж байв.
 
-Р.Тиллерсон мэдэгдэхдээ “хөндлөнгөөс оролцсон тухай баримт нь Америк, Оросын ард түмнүүдийн тогтсон харилцан итгэлцлийг алдагдуулж байна” гэжээ.
 
Өөр бусад шалтгаанууд
 
Ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга хоёрын дунд үүссэн эдгээр санал зөрөлдөөнөөс гадна Р.Тиллерсоныг огцроход хүргэсэн өөр бусад шалтгаан бий.
 
Америкийн зарим шинжээчдийн дүгнэснээр, Тиллерсон бол АНУ-ын түүхэн дэх “хамгийн муу Төрийн нарийн бичгийн дарга” гэнэ. Учир нь, тэрбээр Америкийн гадаад бодлогыг хэрэгжүүлдэг Төрийн Департаментыг удирдах явцдаа олон алдаа гаргасан байна. Тухайлбал, тэрбээр Төрийн Департаментад олон жил ажилласан туршлагатай дипломатчидтай хамтран ажиллахаас татгалзсан тул өндөр албан тушаал хашиж байсан чадварлаг мэргэжилтнүүдийн 60 хувь нь ажлаасаа халагджээ.
 
Р.Тиллерсон Хоригийн асуудал эрхэлсэн хэлтсийг татан буулгаснаас гадна Төрийн Департаментын төсвийг гуравны нэгээр танаж, 2000 орчим хүнийг ажлаас нь халсан байна. Тодруулбал, газар, хэлтсийн дарга нарыг халсныхаа дараа сул орон тоонд өөр хүмүүсийг томилоогүй төдийгүй тухайн ажлын байрнуудыг цомхотгон хасчээ.  
 
Түүний гаргасан өөр нэгэн алдаа бол, Солонгосын хойгт түгшүүртэй байдал бий болчихоод байхад Өмнөд Солонгост суух элчин сайдыг томилохгүй удааж байсантай холбоотой.
 
Энэ бүхнийг Америкийн дипломат ажилтнуудын холбоо эрс эсэргүүцэн, гадаад бодлогыг хэрэгжүүлдэг байгууллагыг тараан бутаргаж, АНУ-ын эрх ашигт ноцтой хохирол учруулсан хэмээн Тиллерсоныг буруутгаж байв.  
 
Трампын баг дахь зургаадахь огцролт
 
Трампыг Ерөнхийлөгчөөр сонгогдоход тусалсан багийнхнаас Тиллерсоныг оролцуулаад нийтдээ 6 хүн албан тушаалаасаа огцроод байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх асан Майкл Флинн 2017 оны 2 дугаар сарын 13-нд огцорсон билээ. Шалтгаан нь гэвэл, тэрбээр Оросын дипломат ажилтнуудтай уулзаж байсан гэдгээ нууцалж байсан байна.
 
2017 оны 7 болон 8 дугаар сард Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер, ажлын албаны дарга Райнс Прибус, ахлах зөвлөх Стивен Бэннон, харилцаа холбоо эрхэлсэн захирал Энтони Скарамуччи нар дараалан ажлаасаа халагдав.
 
Энэ удаад Тиллерсон ажлаасаа халагдсанаар Оростой харилцаагаа хэвийн болгох, тус улсын эсрэг авсан хоригийг цуцлахын төлөө байр суурьтай хүн Трампын багт үндсэндээ үлдсэнгүй.
 
Цагаан ордны нэгэн өндөр албан тушаалтны ярьснаар бол, Умард Солонгостой хийх гэж буй хэлэлцээний өмнө болон түнш орнуудтай худалдааны хэлэлцээ хийх гэж буй энэ чухал хариуцлагатай үед Ерөнхийлөгч Д.Трамп шинэ баг бүрдүүлэх зорилготой байгаа ажээ.
 
Б.Адъяахүү
関連ニュース