Монгол Улсад 103 улсын 23.8 мянган иргэн ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, ажил эрхлэгч гадаад иргэдийн тоо 2024 оны мөн үеийнхээс зургаан мянгаар нэмэгджээ.
Монгол Улсад гадаадын 103 улсын 23.8 мянган иргэн энэ оны 3 дугаар улирлын байдлаар хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилгоор ажиллаж байгаа аж.
Хөдөлмөрийн гэрээтэй гадаадын иргэдийн 21.9 мянга нь эрэгтэй, 1.9 мянга нь эмэгтэй. Насны бүлгээр авч үзвэл:
- 35- 39 насны
бүлэг хамгийн их 4.2 мянган хүн,
- 20 хүртэлх
насны бүлэгт хамгийн бага 240 хүн ажиллаж байна.
Боловсролын
түвшнээр 8.2 мянга нь техникийн болон мэргэжлийн, 5.8 мянга нь бүрэн дунд, 5.3
мянга нь бакалаврын, 3.8 мянга нь тусгай мэргэжлийн дунд,
365 нь магистр, доктор, 264 нь суурь болон бага боловсролтой, 30 нь
боловсролгүй гэжээ.
Тухайн иргэдийн
70.6 хувь нь БНХАУ-ын, 11.1 хувь нь БНЭУ-ын, 3.2 хувь нь Бүгд Найрамдах
Социалист Вьетнам Улсын, 2.5 хувь нь Филиппин Улсын, 1.8 хувь нь Холбооны Бүгд
Найрамдах Балба Улсын, 1.4 хувь нь ОХУ-ын, 1.3 хувь нь БНСУ-ын, 1.2 хувь нь
АНУ-ын, 0.9 хувь нь Индонез Улсын, 6.2 хувь нь бусад улсын харьяат аж.
Хөдөлмөрийн гэрээгээр
ажиллагч гадаадын иргэдийн 5.2 мянга нь уул уурхай, олборлолт, 4.8 мянга нь
барилга, 4.6 мянга нь боловсруулах үйлдвэрлэл, 2.9 мянга нь бөөний болон
жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ, 1.3 мянга нь цахилгаан,
хий, уур агааржуулалт, 1.3 мянга нь боловсрол, 1 мянга нь олон улсын
байгууллага, суурин төлөөлөгчийн газарт, 2.7 мянга нь бусад салбарт байна.
Тухайлбал, 2024
оны мөн үеийнхтэй харьцуулахад боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 1.3 мянган
хүнээр, барилгын салбарт 1.3 мянган хүнээр, бөөний болон жижиглэн худалдаа,
машин мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 1.2 мянган хүнээр нэмэгджээ.
Тэдний 21.8 мянга нь хязгаарлагдмал хариуцлагатай
компанид, 284 нь төрийн бус байгууллагад, 153 нь төсөвт байгууллагад, 97 нь
төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт, 62 нь хувьцаат компанид, 1.4
мянга нь бусад байгууллагад ажиллаж байна.
Мэргэжлээр авч
үзвэл, 7.4 мянга нь техникч болон туслах, дэд мэргэжилтэн, 6.3 мянга нь
үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох үйлчилгээний ажилтан, 5.5 мянга нь
мэргэжилтэн, 2.6 мянга нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч
юм.
Гадаад
иргэдийн 11.5 мянга нь төвийн бүсэд, 8.5 мянга нь Улаанбаатарт, 2.4 мянга нь зүүн бүсэд, 991 нь баруун бүсэд, 518 нь хангайн бүсэд ажиллаж байна. Дорноговь
аймагт 5 мянга, Өмнөговь аймагт 3.1 мянга, Төв аймагт 2 мянга, Дорнод аймагт 1
мянган иргэн ажил эрхэлж байгаа нь бусад аймгийнхтай харьцуулахад хамгийн олон байна.