Хамгийн удаан үргэлжилсэн хоккейн тоглолт АНУ-д болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
bars@montsame.mn
2017-07-04 10:13:29
МОСКВА./TASS/. Америкийн “Баффало" багийн хөгжөөн дэмжигчид болох 40 хоккей сонирхогчид хамгийн удаан хугацаанд хоккей тоглосноор 250 цаг 35 минутын дээд амжилт тогтоожээ. Энэ тухай AP агентлаг мэдээллээ.

“Цэнхрүүд” ба “Цагаанууд” багуудын хооронд болсон тоглолт 10 гаруй өдөр явагдаж 1725:1697-ийн харьцаагаар өндөрлөжээ. Сайн санааны хандив цуглуулах зорилготой уг тоглолтын орлого болох 1,2 сая долларыг хавдрын эмчилгээнд зарцуулах ажээ.

Уг тоглолт Үндэсний хоккейн лигийн “Баффало” клубын “Harbour Sabre” хоккейн талбайд болсон байна. Багууд дөрвөн цагаар ээлжлэн долоон хүний бүрэлдэхүүнтэй /таван талбайн тоглогч, нэг хаалгач, нэг нөөц тоглогч/ тогложээ. Цаг тутамд 10 минутын хугацаатай мөсийг нь сэргээж байв. Дүрэмд зааснаар тоглолт эхэлснээс хойш багууд сэлгээ хийхийг хориглосон байна.

Хоккейчид тоглолтын болсон өдрүүдэд спортын ордноос огт гараагүй бөгөөд тэд тоглолтын талбайн дэргэд унтаж амрах газар бий болгосон байна.

“Би одоохондоо юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Би маш их ядарч байна. Бид бүгдээрээ ядарсан, гэлээ ч гэсэн итгэмээргүй их мөнгийг цуглуулж чадлаа” гэж  хамгийн ахмад тоглогч болох 65 настай Аллан Дэвис ярьжээ.

Одоо уг тоглолтыг зохион байгуулагчид өөрсдийн тогтоосон амжилтыг Гиннесийн номонд бүртгүүлэхийн тулд тоглолтын дүрс бичлэгийг 54 хуудас тоон мэдээллийн хамт зохих газарт нь хүргүүлэх ёстой аж.

Одоогийн байдлаар хамгийн удаан үргэлжилсэн тоглолт бол Канадад 2015 оны 2 дугаар сард болсон тоглолт юм. Уг тоглолт 250 цаг 3 минут 20 секунд үргэлжилжээ.
О.Барс  

 

 

 




関連ニュース