Нэг гэр бүлээс гурав дахь “Улсын аварга” малчин төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-16 10:05:47

Сар шинийн босгон дээр мал сүргээ өсгөн үржүүлж, хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа малчид хөдөлмөр бүтээлээ төр засагтаа үнэлүүлж байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд 7 “Улсын аварга малчин” шинээр тодорсны нэг нь Шинэ Идэр сумын малчин Лааганы Мишиг юм.

Тэрбээр“Улсын сайн малчин”-аар тодорсон нь төрөлх нутагтаа 15 дахь шагналыг авчирч байгаа бөгөөд удам дамжсан малчин. Түүний аав Лааган болон ах Шаравдорж нар нь“Улсын сайн малчин” болж, нутаг усандаа ажилч малчнаараа гайхагддагийг нутгийн зон олон хэлж байв. Малч өрхийн ажилч залгамж халаа түүчээлж, Л.Мишиг нь малынхаа тоо толгойг өсгөж, үржил шимийг сайжруулахаас гадна нутагтаа ажлын байр бий болгон, шинэ залуу малчдыг бэлтгэх үйлсэд хувь нэмэр оруулж явна. Тэрбээр 15 туслах малчинтай гэнэ. Л.Мишиг ярихдаа “Өнөөдөр төрийн их хүндтэй шагналыг хүртэж байгаадаа их баяртай байна. Нэг гэр бүлээс гурван сайн малчин тодорч буй нь нутгийн түмний минь буян хишиг, зон олонтой салшгүй холбоотой. Миний хувьд 10 гаран жилийн хугацаанд 150 орчим толгой мал туслах малчдадаа түрээсээр өгч, малжуулсан гэдгийг” онцолж байлаа.

Түүний шагналыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон аймаг орон нутгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.

Б.Гантуяа 

関連ニュース