“Их түмэн санаачилга” хөтөлбөрийн аялал жуулчлалын зөвлөлийн 16 дугаар уулзалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2025-12-12 14:53:50
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын салбарын бүс нутгийн томоохон хамтын ажиллагааны “Их түмэн санаачилга"-ын аялал жуулчлалын зөвлөлийн 16 дугаар уулзалт энэ сарын 10-11-нд Монгол Улсад зохион байгуулагдлаа.


Тус арга хэмжээнд "Их түмэн санаачилга"-ын хөтөлбөрийн төлөөлөгчид, Оросын Холбооны Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын талаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, мэргэжлийн холбоод, судлаач, хувийн хэвшлийн төлөөллөөс гадна тус хөлбөрт хамрагддаг Монголын зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын төлөөлөгчид биечлэн болон цахимаар оролцож, “Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал”-ыг хэлэлцэв. Энэ үеэр орон нутгийн иргэдийн оролцоотой аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ аялал жуулчлалын салбараас иргэд, аж ахуйн нэгж, орон нутаг орлого олох боломжийг бүрдүүлэх чиглэлээр гишүүн орнууд өөрийн орны туршлага, санал, санаачилгаа танилцууллаа. 


Уулзалтаар “Их түмэн санаачилга"-ын аялал жуулчлалын зөвлөлийн 17 дугаар уулзалтыг зохион байгуулах эрхийг БНХАУ хүлээн авлаа. 


"Их түмэн санаачилга" хөтөлбөр нь 1995 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан бөгөөд Зүүн Хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой байдлыг хангах зорилготой. Энэ хөтөлбөрийн гишүүн Монгол, БНХАУ, ОХУ, БНСУ дөрвөн орон худалдаа, хөрөнгө оруулалт, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, байгаль орчны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг. "Их түмэн санаачилга"-ын гишүүн улсууд аялал жуулчлалын салбарт хил дамнасан аялагчдын урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын байгууламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, дэлхийн хэмжээнд сонирхол татахуйц аялал жуулчлалын зорих газар болгон сурталчлах, гишүүн улсуудын хооронд нийтлэг визийн зохицуулалт бий болгох, виз олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх зэрэг асуудалд хамтран ажиллах зорилготой юм.  










関連ニュース