“Бөртэ чоно”-ын “Шилдгийн шилдэг тамирчин”-ы шилжин явах цомын эзнээр гавьяат тамирчин Т.Тулга тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооноос спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.
2003 оноос эхлэлтэй тус наадамд шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, баг, паралимпын тамирчин зэрэг 13 ангиллаар шилдгүүдийг тодруулж, хийсэн ажлыг нь алдаршуулав. Энэ жилийн “Бөртэ чоно” наадмын онцлох зочин бөгөөд “Оны онцлох Бөртэ чоно”-ын эзнээр Нэтфликсийн “Бие бялдар Ази” шоуны оролцогчид тодорсон юм. Тэднийг Монгол Улсаа сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлэн дээрх шагналыг олгожээ.
Тэгвэл Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлтэй спортын сэтгүүлчдийн саналаар 2025 оны шилдэг тамирчид болон баг тодорлоо. Энэхүү санал асуулгад 46 сэтгүүлч оролцсон бөгөөд тэднээс хамгийн өндөр оноог чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Т.Тулга авчээ.
Түүний хувьд, нийт 102 оноогоор “Шилдгийн шилдэг тамирчин”-аар тодорч, шилжин явах цом хүртсэн юм.
Тэрбээр шагнал гардсаныхаа дараа, “Маш их баяртай байна. Миний олон жилийн хөдөлмөрийг үнэлж, надад саналаа өгсөн бүх хүнд баярлалаа. Гурван жил “Бөртэ чоно” наадмын “Шилдэг эрэгтэй тамирчин” номинацад нэр дэвшихдээ тогтмол амжилтаа ахиулсаар ирсэн. Энэ жил шилдгийн шилдгээр тодорч “Шилжин явах цом”-ын эзэн боллоо. Цаашид илүү их хөдөлмөрлөж, Олимпын медальтан болохын төлөө хичээнэ. 2025 онд өөрөөрөө бахархахаас илүүтэй Монголынхоо спортын бүх тамирчнаараа бахархаж байна. Эх орноороо бахархаж байна. Монгол гэдэг нэрийг спортын бүхий л төрөлд тамирчид, дасгалжуулагчид олон улсад маш сайхан авч явлаа. Энэ цомыг би аваагүй. Монгол орныхоо төрийн далбаа, нэр хүндийг дэлхийн тавцанд мандуулсан тамирчид авч байгаа юм. Миний ард байдаг дэмжигчид, Монголын чөлөөт бөхийн холбооныхон, багш дасгалжуулагчид, гэр бүлийнхэндээ талархал илэрхийлье” гэв.
“Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүдийг танилцуулж байна.
Шилдэг Олимпын
танхим
Орхон аймгийн “Бээжин”
олимпын танхим
Шилдэг Олимпын
зөвлөл
Хэнтий аймгийн “Сэнт
Луис” зөвлөл
Шилдэг Олимпын
зүтгэлтэн
Монголын спортын
сэтгүүлчдийн холбооны гишүүн, спортын гэрэл зурагчин Д.Нямбилэг
Спортын шилдэг
сэтгүүлч
МҮОНТВ-ийн спортын
сэтгүүлч Д.Батжаргал
Шилдэг залуу эрэгтэй
тамирчин
Усанд сэлэлтийн
спортоор улсын дээд амжилтыг 23 удаа шинэчлэн тогтоож, олон улсад өндөр амжилт
үзүүлэхээс гадна хүүхдийн спортын зуны наадмын 23 алтан медаль хүртсэн шилдэг
тамирчин Э.Эрхэс
Шилдэг залуу
эмэгтэй тамирчин
Жүдо бөхийн 2025
оны өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар
Шилдэг дасгалжуулагч
Чөлөөт бөхийн
шигшээ багийн дасгалжуулагч С.Сүхбаатар
Боксын шигшээ
багийн дасгалжуулагч О.Батхүү
Шилдэг шүүгч
Боксын олон улсын
3 одтой шүүгч Б.Атарбаяр
Гольфийн шүүгч
А.Сарнай
Шилдэг холбоо
Монголын дугуйн холбоо
Монголын сагсан
бөмбөгийн холбоо
Монголын усан спорт
сонирхогчдын холбоо
Шилдэг олимпын
бус холбоо
Монголын жюү
жицүгийн холбоо
Шилдэг өв
уламжлалт холбоо
Монголын морин
спорт уяачдын холбоо
Өвлийн спортын
шилдэг холбоо
Монголын цанын
холбоо
Оны онцлох
амжилт
Монгол Улсыг
дэлхийд сурталчилсан “Бие бялдар Ази” шоуны баг
Паралимпын
шилдэг тамирчин
Пара байт харвааны
дэлхийн хошой аварга Д.Сэлэнгээ
Шилдэг баг
Сагсан бөмбөгийн
3х3-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг
Шилдэг эмэгтэй
тамирчин
Боксын ДАШТ-ий
мөнгө, хүрэл медальт Б.Алтанцэцэг
Жүдо бөхийн ДАШТ-ий
хүрэл медальт Б.Ганхайч
Чөлөөт бөхийн
ДАШТ-ий алт, хүрэл медальт П.Орхон
Шилдэг эрэгтэй
тамирчин
Чөлөөт бөхийн
ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Т.Тулга
Боксын ДАШТ-ий
мөнгөн медальт А.Баттулга
Жүдо бөхийн
ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк
Шилдгийн
шилдэг тамирчин
Чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Т.Тулга


























Ulaanbaatar