Хүүхдийн Зөвлөх Поликлиник 2026 онд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-11 08:54:37

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн Зөвлөх Поликлиникт Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өчигдөр ажиллалаа.


ЭМЯ-ны мэдээлснээр, өдөрт 1000-1200 хүүхэд амбулаториор үзүүлж байгаагийн ихэнх хувийг хүүхдэд зонхилон тохиолддог эмгэгүүд болох мэдрэл, зүрх судас, чих хамар хоолойн тусламж үйлчилгээ эзэлж байна. Мөн томуугийн улиралд амьсгалын болон хоол боловсруулах эрхтний кабинетын ачаалал нэмэгддэг бол сурагчдын амралт эхлэх үеэр бусад бүх үзлэгийн ачаалал хоёр дахин нэмэгддэг аж.


Ачаалалтай үед хүний нөөцөө нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмжээ өргөтгөх ажлын бэлтгэлээ хангасан талаар Хүүхдийн Зөвлөх Поликлиникийн эрхлэгч Э.Наранцацрал танилцуулав. Хүүхдийн Зөвлөх Поликлиник нь амбулаторийн 14 төрлийн үзлэг болон 12 төрлийн оношилгоог хийж байна. 2026 онд өдрийн мэс заслын тусламж үйлчилгээний хэсгийг ашиглалтад оруулахаар засварын ажил хийж байна.


Амбулаторийн үзлэгийн цагийг 7611-2180, 1800-0119 утсаар урьдчилан захиалж үйлчлүүлдэг учраас эмнэлэгт олноор ирж оочерлохгүй, халдварын эрсдэлээс хүүхэд, гэр бүлээ хамгаалах боломжтойг иргэдэд зөвлөв.


Хүүхдийн Зөвлөх Поликлиникийн зургаан давхар өргөтгөлийн шинэ байр энэ оны 9 сард ашиглалтад орж, 18 хүртэлх насны хүүхдэд бүх төрлийн төрөлжсөн мэргэжлийн амбулатори, оношилгооны тусламж үйлчилгээг үзүүлж байна.

 

関連ニュース