Дэд бүтцийн салбар, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-10 09:17:30

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. ОБЕГ, БНЭУ-ын Гамшиг тэсвэртэй дэд бүтцийн эвсэл олон улсын байгууллагатай хамтран “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” сургалтыг зохион байгуулж байна.  


Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын ес дэх буюу “эдийн засгийн хөгжил, хүний сайн сайхан аж байдлыг дэмжих чанартай, найдвартай, тогтвортой, тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэх” зорилго, “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сэндайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн “гамшгийг тэсвэрлэх чадавхыг сайжруулна. 2030 онд гамшгийн улмаас нэн чухал дэд бүтэц, суурь үйлчилгээнд учрах хохирлыг бодитой бууруулах” IV зорилтыг бүрэн дүүрэн дэмжиж “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Хотын нэн чухал дэд бүтцийг хүчитгэх, өргөтгөх, дахин барих, тогтвортой ажиллагааг нь хангах замаар нийслэл болон хүн ам ихээр төвлөрсөн хот, суурин газруудад гамшигт тэсвэртэй дэд бүтэц бий болгох” зорилгыг дэвшүүлээд байна" гэв.


Мөн АНУ-ын Нью-Йорк хотноо 2019 онд зохион байгуулсан “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажиллагааны дээд хэмжээний уулзалт”-ын үеэр БНЭУ-ын санаачилгаар байгуулсан “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц эвсэл”-ийн анхны үүсгэн байгуулагч гишүүн орны нэг нь Монгол Улс юм. Энэхүү сургалт нь нэн чухал дэд бүтцийн салбарын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох, дэд бүтцийн салбарт чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэх зорилготой ажээ.


Энэ үеэр гамшигт тэсвэртэй дэд бүтцийг ойлгох нь, дэд бүтцийн тэсвэртэй байдал ба тэсвэртэй байдлын үр ашиг, Монгол Улсын гамшгийн эрсдэлийн талаарх ойлголт, гамшигт тэсвэртэй дэд бүцийг дэмжих хөтөлбөр, санаачилгууд сэдвийн хүрээнд мэдээлэл солилцож, бүлгийн дадлагаар харилцан туршлага судалж байна.

 

関連ニュース