БАЯНХОНГОР: "Хос бичигтэн" төрийн байгууллагыг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-11-20 14:09:07
Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчдын монгол хэл, үндэсний бичгийн тэмцээний нэгдүгээр шат, хоёрдугаар хэсгийн шалгаруулалтыг Баянхонгор сумын ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгууллаа.

Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, Хэлний бодлогын сумын салбар зөвлөл хамтран зохион байгуулж буй “Суралцагч хот” төсөлт ажлын хүрээнд “Суралцагч байгууллага” ажлыг өрнүүлж, тус тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Төлөвлөгөөгөөр “Төрийн албан хаагчдын монгол хэл, үндэсний бичгийн багийн тэмцээн”-ийг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын шалгаруулалтыг хийжээ.

Тэмцээнд 12 цэцэрлэгийн 12 багийн 60 албан хаагч оролцож, дөрвөн үе, гэрийн даалгаврын нийлбэр дүнгээр Баян-Ойт тэргүүлж, 12 дугаар цэцэрлэг, 3 дугаар цэцэрлэгийнхэн удаалсан байна. Харин дөрөвдүгээр байранд 14 дүгээр цэцэрлэг, тавдугаар байраар 16 дугаар цэцэрлэгийн баг тус тус шалгарч, хоёрдугаар шатны тэмцээнд оролцох эрхтэй болжээ.

Ийнхүү шат шатны шалгаруулалтаар эх хэл, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч “Хос бичигтэн” төрийн байгууллагыг шалгаруулх юм байна.
関連ニュース