БАЯНХОНГОР: Нэгэн зүйл хөгжмийн зэмсэг-ганлин бүрээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-11-20 12:22:16

Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Хүний яс, мөнгө, мяндас, даавуу, будаг бүхий 34х6 см хэмжээтэй, 450 гр жинтэй XIX зууны сүүл үеийн ганлин Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүйн музейд хадгалагдаж байна.


Ганлин нь лимбэ хэлбэртэй үлээвэр хөгжмийн зэмсэг бөгөөд хамгийн онцлог нь ямар нэгэн амьтны яс, заримдаа хүний ясаар хийдгээрээ ялгардаг. Хэлбэр нь богино лимбэ шиг, амсартай, эгшиглэх нүхгүй, дуу нь догшин, хүчтэй хяралзсан авиатай бөгөөд ёслол, сахиус дуудах, муу ёрын хүчийг үргээх, тарни адистидыг хүчжүүлэхэд хэрэглэдэг байжээ.


Шашин номын хуралд хэнгэрэг, цан, үхэр бүрээний хамт үлээж, орчлон ертөнцийн мөнх бус, үхэл хагацал ирэхийг дурдан сануулах нэг зүйлийн хөгжмийн зэмсгийг ганлин бүрээ хэмээн нэрлэдэг. 18 настай эмэгтэй хүний дунд чөмгөөр хийдэг хэмээн ам дамжин яригддаг дээрх хөгжмийн зэмсгийг чөмгөн ганлин, зарим газар гандан гэж нэрлэх нь бий. 


Эрт үед хүрээ хийдүүд шашны элдэв зан үйлийн үед дун бүрээ, бишгүүр, матар гандан, их бүрээ, хэнгэрэг, цан, хонх, дамар, сэлнэн зэрэг төвөд, самгарди нэршилтэй үлээвэр болон цохилуур хөгжмийн зэмсгийг ашигладаг байжээ. Дээрх хөгжмийн зэмсгийн ихэнх нь буддын шашны ёслол, зан үйлтэй холбогдож Төвөдөөс орж ирсэн түүхтэй. 


Цордон бүрээ, дамар, хэнгэрэг, мөн балар (бишгүүр) зэргийг хослуулан үлээдэг ёстой. Эдгээр нь үлээвэр, цохивор хөгжмийн зэмсгийн төрөл юм. Урт бүрээг хэдэн хүн дамнан явж тоглодог бол дуударам, том жижиг цан, сэлнэн, дэншиг, гандан, дун зэрэг цохивор, үлээвэр хөгжмийн зэмсгийг өдөр тутмын хурал номын үед өргөн хэрэглэдэг байна.

関連ニュース