Бразилын цагдаа нар 100 гаруй хүнийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-10-30 10:23:03

РИО-ДЕ-ЖАНЕЙРО, 2025 оны аравдугаар сарын 30 /DW/. Хар тамхины мафийнхны эсрэг Бразилын цагдаа нарын явуулсан тусгай ажиллагааны явцад 100 гаруй хүн амиа алдсан нь тус улсын түүхэн дэх хамгийн их цус урсгасан ажиллагаа байлаа.


Эрх баригчдын мэдэгдсэнээр 119 хүн амиа алдсан бол өмгөөлөгчдийн үзэж байгаагаар, энэ тоо 130-аас давжээ.  


2500 гаруй цагдаагийн ажилтнууд оролцсон уг ажиллагааг 28-29-ний өдрүүдэд Рио-де-Жанейро хотын Алемао, Пенья дүүргүүдэд “Улаан багийнхан” гэдэг гэмт хэргийн бүлэглэлийн эсрэг явуулсан байна. Хотын захиргаанаас мэдээлснээр, ажиллагааны явцад 118 ширхэг бууг хураан авч, 113 хүн, тэдний өсвөр насны 10 хүүхдийг баривчилжээ.


Ирэх долоо хоногт тус хотод Уур амьсгалын асуудлаар НҮБ-ын бага хурал болох юм.


Цагдаагийн ажиллагааны талаар Хууль зүйн сайд Рикардо Левандовски хэлэхдээ “амиа алдсан хүмүүсийн тоог сонсоод Ерөнхийлөгч Лула да Силва цочирдсон” гэжээ.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш цагдаагийн ажиллагааны явцад олон хүн амиа алдсанд гүнээ санаа зовниж байгаагаа илэрхийлээд, хэрэг явдлыг мөрдөн шалгаж, хүний эрхийг сахихыг Бразилын эрх баригчдад уриалсан байна. Мөн Амнести Интернэшнл зэрэг олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд цагдаа нарын үйлдлийг эрс буруушаажээ.


Хотын иргэд ба өмгөөлөгчдийн ярьснаар, баривчлагдсан хэд хэдэн хүнийг толгой руу нь буудан хөнөөсөн байна.  

関連ニュース