ЗАВХАН: Орон нутгийн театр анхны бүжгэн жүжгээрээ нээлтээ хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн шинэ театр ашиглалтад орж, "Мөнхөд гэрэлтэх диваажин" бүжгэн жүжгийн нээлт боллоо.
Хөдөө орон нутгийн театрт бүжгэн жүжиг тавьсан анхны театр, анхны бүтээл юм.
Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн ХЖТ-ын шинэ уран бүтээл шашин төрийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Б.Жамсранжавын амьдрал, үзэл санаа, үйл хэрэг, эх оронч түүхэн гавьяаг бүжгэн жүжиг хэлбэрээр илэрхийлсэн тус жүжгийг 400 гаруй үзэгч үзжээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан тус театр шинэ уран бүтээлээрээ ийнхүү нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд VI Дилав хутагт Данзанламэд, жүжгийн төслийн баг, Буриад, Халимаг Улсын соёлын төлөөлөл, аймгийн удирдлагууд, иргэд оролцлоо. Тус жүжгийн ивээн тэтгэгч, ерөнхий продюсероор "Топ нобле тур" ХХК-ийн захирал С.Өлзийхишиг, гүйцэтгэх продюсероор Хөгжимт жүжгийн театрын дарга соёлын тэргүүний ажилтан Г.Солонго, зохиолчоор МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ч.Алтантүлхүүр, Ерөнхий найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар, Хөгжмийн зохиолчоор урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг, туслах найруулагчаар соёлын тэргүүний ажилтан А.Отгон, гол дүрд аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлол бүжигчин соёлын тэргүүний ажилтан М.Дэлгэрсайхан нар ажиллав.
Жүжгийн нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, ИТХ-ын дарга Ш.Мянганбаяр нар тус жүжгийг улсын хэмжээнд болон Буриад, Халимаг зэрэг улсад тоглоход санхүүгийн дэмжлэг үзүүлнэ хэмээн дуулгав.
Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр:
-"Шинэ театр маань анхны бүтээлээ Дилов хутагтын түүхээр эхлүүллээ. Нээлтэд түүний хойд дүр Дилов хутагт Данзанламэд оролцлоо. Завхан аймагтаа томоохон хөрөнгө оруулалтуудыг хийсээр ирсэн Монгол улсын тод манлай уяач Д.Дагвадоржийн гэргий С.Өлзийхишиг шинэ жүжгийн ивээн тэтгэгчээр ажиллалаа. Мөн яруу найрагч Ч.Алтантүлхүүрийн зохиолоор бүжгэн жүжиг ийнхүү нээв. Монголчууд бэлэг ерөөлийн ард түмэн учир аймгийн даргын хувиар энэ учрал тохиол, нэрсийг маш их бэлэгшээж байна. Завхан нутаг минь мөнхөд гэрэлтэх болтугай" хэмээлээ.
Дилов хутагт Данзанламэд:
-"Би олон улс орны урлагийн тоглолт үзсэн ч "Мөнхөд гэрэлтэх диваажин" жүжиг шиг сэтгэл хөдөлгөсөн урлаг анх удаа үзлээ. Дилов хутагт маань төр нийгмийн хэцүү үед улс орондоо эргэн ирж чадаагүй ч би Монгол Улсдаа амьдарч түүний үйл хэрэг, хүсэл мөрөөдлийг гүйцээж байгаа минь учиртай" хэмээв.
Мөн энэ үеэр Дилов хутагт Б.Жамсранжав, монголч эрдэмтэн Оуэн Латтимор нарын нөхөрлөлийг харуулсан “Зуун дамжсан нөхөрлөл” гэрэл зургийн үзэсгэлэн, “Сүрьеэгүй Завхан” төслийн нээлт боллоо гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Мөнхөд гэрэлтэх диваажин жүжгийн нээлт

Мөнхөд гэрэлтэх диваажин бүжгэн жүжгийн нээлтэд Дилов хутагтын хойд дүр Данзанламэд оролцов

Бүжгэн жүжгийн уран бүтээлчид

Мөнхөд гэрэлтэх диваажин бүжгэн жүжгийн хэсгээс 
Мөнхөд гэрэлтэх диваажин бүжгэн жүжгийн хэсгээс

Ulaanbaatar