"Эрдэмтэд хий болон бусад химийн бодис нэвтрэх боломжтой том зай завсар бүхий молекулын бүтцүүдийг үүсгэжээ. "Metal-organic frameworks" хэмээн нэрлэдэг эдгээр бүтцийг цөлийн агаараас усны уур шингээхэд, нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаж авахад, хорт хийг хадгалахад, эсвэл химийн урвалын катализатор болгон ашиглах боломжтой" гэж Нобелийн хорооны хэвлэлийн мэдээнд дурдсан байна.
Китагава Сусумү 1951 онд Японы Киото хотод төржээ. Тэрбээр 1979 онд Киотогийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд одоо тус сургуулийн профессор юм.
Ричард Робсон 1937 онд Их Британийн Гласберн хотод төрсөн байна. Мельбурны их сургуулийн профессор тэрбээр 1962 онд Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалжээ.
Омар М.Яги 1990 онд Урбана-Шампейн дахь Иллинойсын их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. 1965 онд Иорданы Амман хотод төрсөн тэрбээр одоо Калифорнийн их сургуулийн (Беркли) профессор юм.
Китагава Сусумү, Ричард Робсон, Омар Яги нар шинэ хэлбэрийн молекулын бүтцүүдийг үүсгэжээ. Тэдний бүтээсэн бүтцүүдэд металлын ионууд нь зангилаа (холбогч төв) болж, нүүрстөрөгчийн суурьтай урт органик молекулуудаар холбогддог ажээ. Металлын ионууд ба молекулуудыг дотроо том зайтай талст бүтэц үүсэх дараалал, зохион байгуулалттайгаар холбосон байна. Ийм нүх сүвэрхэг материалыг "metal-organic frameworks" (MOF) гэж нэрлэдэг. Химичид тэдгээрийг тодорхой бодисыг шингээж авах, хадгалах зориулалттайгаар бүтээж болдог ажээ.