Монгол, Хятадын хэвлэлийн салбарт хиймэл оюун урьд байгаагүй их боломж, сорилтыг авчирч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-09-17 15:58:59

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Бүх Хятадын сэтгүүлчдийн эвлэл, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж буй Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XV форум Улаанбаатар хотноо өнөөдөр болж байна.


“Хиймэл оюуны эрин үе дэх Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа” сэдвийн дор зохиож буй уг форумд хоёр орны 100 гаруй төлөөлөгч оролцож байна. Форумын хүрээнд хоёр талаас илтгэл тавьж буй илтгэгчдийн хувьд, “Хиймэл оюун хэвлэл мэдээллийн салбарт урьд өмнө нь байгаагүй боломжийг, мөн сорилтыг авчирч байна" гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байлаа.


Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаярын хувьд, манайх шиг хүн ам цөөн, тэр дундаа боловсон хүчний дутагдалтайд тооцогдож буй монголын хэвлэл мэдээллийн салбарт хиймэл оюуныг өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь олон давуу талыг бий болгоно хэмээн үзэж байна. Түүний үзэж байгаагаар, сэтгүүлчид тэр дундаа техник мэргэжлийн хүмүүс энэхүү боломжийг илүү ихээр ашиглах шаардлагатай. Монголын хэвлэл мэдээллийн салбар 4500 ажилтан ажиллагчидтай гэх хэдий ч мэргэшсэн боловсон хүчин, үүнд телевизүүд техник мэргэжлийн хүмүүсээр байнга дутагдаж ирсэн хэвээр буй. Одоогийн нөхцөлд монголын хэвлэл мэдээллийн салбарынхан хиймэл оюуныг ашиглан мэдээлэл боловсруулах, телевизийн хөтлөгчдийг орлуулах зэргээр хөгжүүлэлтийг хийж байгаа. Цаашид студи дэх 10 камер тус бүрийн ард зураглаач зогсох бус нэг хүн хиймэл оюуныг ашиглан хөтөлбөрийг дамжуулах хүртлээ хөгжих ёстой" гэв.  


Бүх Хятадын сэтгүүлчдийн эвлэлийн Нарийн бичгийн даргын газрын дарга Ү Шюй илтгэлдээ, “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх цонх, сэтгэлийг холбох гүүр билээ. Хиймэл оюуны давлагаа дэлхийг хамарч буй энэ эринд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл илүү чухал үүрэг хариуцлагыг үүрч байна. Иймд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэхүү боломжийг ашиглан мэдээ цуглуулах, үйлдвэрлэх, түгээх, хянан шалгах зэрэг бүх шатанд хиймэл оюуны шинэ хэрэглээг хамтдаа судалж, технологийн хөгжил, өгөгдөл хуваалцах, алгоритмын ёс зүй зэрэг чиглэлээр харилцан суралцаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ худал мэдээлэл, алгоритмын ялгаварлал зэрэг сорилтыг хамтдаа даван туулж, технологийг хоёр улсын ард түмний мэдээ мэдээлэл, танин мэдэхүй, соёлын хэрэгцээнд илүүтэй чиглүүлэх хэрэгтэй” хэмээв.

 

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны Олон улсын сурталчилгааны газрын нэгдүгээр зэрэглэлийн зааварлагч Жан Дүн энэ үеэр хэлэхдээ, "Хятад, Монголын соёлын солилцоо тасралтгүй шинэ шатаар ахиж, шинэ түвшинд хүрч байгаа нь хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн" хэмээн тэмдэглэв. Тэрбээр мөн “Бие биедээ түшиг тулгуур болж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх үзэл баримтлалыг баримтлан, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны шинэ арга зам, шинэ загварыг хайж, телевиз, радиогийн нэвтрүүлгийг нутагшуулах, агуулга солилцох, хамтран төлөвлөх, боловсон хүчний солилцоо, хамтарсан сурвалжилга зэрэг салбарт ажил хэрэгчээр хамтран ажиллаж, шинэ үеийн хиймэл оюунаар төлөөлөл болгосон шинжлэх ухаан, технологийн хувьсгалын боломжийг хоёр улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ хөдөлгөгч хүч болгох хэрэгтэй" хэмээв.


Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн орчуулагч, сэтгүүлч Н.Урин илтгэлдээ, тус агентлаг сүүлийн жилүүдэд видео мэдээ, контентын дуу оруулгадаа хиймэл оюунд суурилсан хоолой хөрвүүлэх технологийг тодорхой хэмжээнд ашиглаж, туршиж байгааг хэллээ. Жишээлбэл, эмэгтэй хүнээр уншуулсан аудио хоолойг AI ашиглан ахимаг настай эрэгтэй хүний хоолой болгон хөрвүүлэх зэргээр үйл ажиллагаандаа ашигладаг. Зохистой хэмжээ ба зорилгоор ашигласан хиймэл оюун нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, цаг хэмнэх, мөн хурдтай хөгжил дэвшлийг авчрах үр ашигтай хэрэгсэл болоод байна. МОНЦАМЭ агентлаг цаашид контент үйлдвэрлэлийг илүүтэй өргөжүүлж, үүнд AI, технологийн дэвшилтэт шийдлүүдийг ашиглан, тодорхой хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэлээ.


Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форумыг 2010 оноос эхлэн хоёр улсын сэтгүүлчдийн хамтын хүчин чармайлтын дүнд 14 удаа амжилттай зохион байгуулж, харилцаа, хамтын ажиллагааны нэгэн чухал суваг болоод буй юм.










関連ニュース