Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-05 16:29:16

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. "Хүннү хот" төслийн цэвэрлэх байгууламжийг барих ажлын гүйцэтгэгчээр шалгарсан "Комфорт Импекс" компани болон Хүннү хотын Захирагчийн ажлын алба хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.


Уг төслийг Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй. Мөн "Хүннү хот" төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. 


НЗДТГ-ын мэдээлснээр, нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хоногт 3000 м.куб ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байна. Тус цэвэрлэх байгууламж нь 20-25 мянган хүн амтай хотын бохир усыг татан зайлуулах хүчин чадалтай байх юм. 


Энэ онд ажлын талбайн бэлтгэл, барилгын зөвшөөрөл, тоног төхөөрөмжийн захиалга, гадна цахилгаан угсралт, хашааны ажлыг гүйцэтгэх аж. 2026 оноос үндсэн барилга угсралтын ажил эрчимжиж, 2027 оны сүүлээр улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. Цаашид 20 мянган м.куб ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барих юм.


УИХ-аас 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр "Хүннү хотын эрх зүйн байдлын тухай" хууль болон "Хот байгуулах тухай" тогтоолыг баталж, хотын эдэлбэр газрыг 31501.3 га байхаар тогтоосон юм. Энэхүү дагуул хот нь ирээдүйд нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий хот байна. Тус хотод 150 мянган хүн оршин сууж, 80 мянган ажлын байр шинээр бий болно гэж тооцоолжээ. Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргааны болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, тус хотыг эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөж байгаа ажээ.

 

関連ニュース