Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих зураг төслийг боловсруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-05 08:44:28

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Нийслэлийн зургаан дүүрэгт 2026-2028 онд 253 км урт дугуйн замын барилгын ажил хийхээр төлөвлөж буй.


НЗДТГ-ын мэдээлснээр, үүнээс 2026 онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна. Үүнд, Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Баянгол дүүрэгт 18.74 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барих юм. Улаанбаатар хотод 101.7 км урт дугуйн зам өнөөдрийн байдлаар байна. Дугуйн замын нийт уртыг 2040 онд 1677 км хүргэхээр төлөвлөжээ. “20 минутын хот” үзэл баримтлалд тулгуурласан байна. Мөн авто замын хөдөлгөөнөөс тусдаа, бие даасан дугуйн тээврийн хэрэгсэл явах боломжтой, ногоон байгууламжийг тусгажээ.


2025 онд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 54.2 км урт, 205.414 ам.метр талбай бүхий дугуйн болон явган замын 14 төсөл, үйл ажиллагаанд хяналт тавин хэрэгжүүлж байна. Үүнээс 73410 ам.метр талбайг угсарч дуусаж, ажлын явц 41 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Мөн энэ онд “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас 11770 ам.метр талбайд дугуйн зам, явган замын ажлыг гүйцэтгэж байна. 

 

関連ニュース