Балбад байдал тогтворжиж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-09-11 17:48:52

КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь нөхцөл байдал аажмаар хэвийн болж, нисэх онгоцны буудал нээгдэж, тогтмол нислэгүүдийг хүлээн авч эхэлсэн тухай Балбын мэдээллийн "Khabarhub" цахим хуудсанд мэдээлжээ.


“Балбын арми хууль сахиулах байгууллагуудтай хамтран аюулгүй байдлыг хангахад гол үүргийг хүлээсэн бөгөөд үүний үр дүнд эмх замбараагүй байдал дэгдсэн хотуудын байдал тогтворжиж байна” гэж тус цахим хуудсанд бичсэн байна.


Түүнчлэн Трибхуван олон улсын нисэх онгоцны буудал өчигдөр дахин нээгдэж, пүрэв гаргаас эхлэн тогтмол нислэг хүлээн авч, үйлдэж эхэлжээ.


Үүний зэрэгцээ, Z үеийн идэвхтнүүд гудамж талбайг цэвэрлэх аянд оролцож байгаа бол, үймээн самуунаас хамгийн их хохирол амссан төрийн байгууллагуудын албан хаагчид үйл ажиллагаагаа аль болох хурдан хэвийн явуулахын тулд цэвэрлэгээ хийх, бичиг баримтаа цэгцлэх, байраа засах зэрэг ажлыг эхлүүлжээ. 


Олныг хамарсан эмх замбараагүй байдал намжсаны дараа аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээсэн Балбын арми хязгаарлалт болон хөл хориог аажмаар сулруулж байна. 


Армийн дэмжлэгтэйгээр шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах хэлэлцээ явагдаж байна. Өмнөх Ерөнхий сайд Кхадга Прасад Шарма Оли жагсагчдын шаардлагаар мягмар гарагт огцорсон юм..


Ерөнхий сайдын суудалд гол нэр дэвшигчид бол Дээд шүүхийн дарга асан Сушила Карки, улс төрийн идэвхтэн Дурга Прасай, Катманду хотын дарга Балендра Шах болон цахилгаан эрчим хүчний компанийн гүйцэтгэх захирал асан Кулман Гхисинг нар ажээ. 


Ерөнхий сайдын суудлын төлөөх гол өрсөлдөгчид болох Сушила Карки, Дурга Прасай нарыг цэргийн хамгаалалтан дор армийн төв штабт хүргэжээ. Армийн эх сурвалжийн мэдээлснээр, Z үеийн бусад төлөөлөгчдийг төв штаб руу оруулахыг хориглосон байна.


Армийн удирдлагатай уулзсаны дараа Сушила Карки, Дурга Прасай нар Ерөнхийлөгч Рам Чандра Пауделтэй уулзах юм. Тэднийг Ерөнхийлөгчийг нүүлгэн шилжүүлсэн  нутагт нисдэг тэргээр хүргэх аж. 


Энэ долоо хоногийн эхээр Балбад эхэлсэн эсэргүүцлийн жагсаалыг 1995–2010 онд төрсөн Z үеийнхэнтэй холбон тайлбарлаж байна. Тэд зарим нийгмийн сүлжээг хориглох шийдвэрийн эсрэг идэвхтэй тэмцсэний эцэст Балбын эрх баригчид хоригийг цуцалсан боловч эсэргүүцлийн хөдөлгөөн улс төрийн шинжтэй болж хувирсан байна. 


X, YouTube, Facebook зэрэг нийгмийн сүлжээ Балбын эрх баригчдын шаардлагын дагуу албан ёсоор бүртгүүлэхгүй байсан тул хаажээ. Энэхүү арга хэмжээ нь нийгмийн сүлжээг зохицуулах эрх баригчдын өргөн хүрээтэй бодлогын нэг хэсэг байсан бөгөөд эсэргүүцэгчид үүнийг цензүүр тогтоох, засгийн газрыг шүүмжлэгчдийг дарах оролдлого гэж үзжээ.


関連ニュース