6G сүлжээнд зориулсан чип бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-09-11 16:57:41

БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 11 /new-science/. Бээжингийн их сургууль, Хонконгийн их сургууль болон Санта-Барбара дахь Калифорнийн их сургуулийн судлаачид зургаа дахь үеийн холбооны сүлжээнд ашиглах зориулалттай, хэт өргөн давтамжийн диапазонд ажилладаг дэлхийд анхны микросхем зохион бүтээснээ танилцуулжээ. 


Хэмжээгээрээ эрхий хурууны хумснаас бага зэрэг том энэхүү чип нь өгөгдлийг асар хурдтай дамжуулдаг болохыг туршилтын үеэр тогтоосноор 6G сүлжээг нэвтрүүлэх үүд хаалга нээгдэж байна. Шинэ микросхем нь 0.5-аас 115 ГГц хүртэлх урьд өмнө байгаагүй өргөн царааг хамардаг ажээ. 


Туршилтын явцад уг чип дээр суурилсан систем нь секундэд 100 гигабитээс давсан өгөгдлийг дамжуулсан байна. Энэ үзүүлэлт нь 5G технологийн онолын хувьд байж болох дээд хязгаараас ойролцоогоор 10 дахин, дундаж хурдаас 500 дахин их байна. Мөн хариу өгөх хугацаагаараа маш богино буюу 180 микросекундэд 6 ГГц-ийн давтамжид хүрчээ.


Нимгэн давхаргат литийн ниобатын суурьтай нэг микросхемд бүх чухал бүрэлдэхүүн хэсгүүдийг нэгтгэсэн нь эрдэмтдийн гол амжилт байв. Одоогийн байгаа шийдлүүдийн хувьд ийм хэмжээний давтамжийн диапазоныг хамрахын тулд есөн тусдаа модуль шаардлагатай болдог бол шинэ микросхем нь бүхэл нэг систем шиг ажилладаг тул тодорхой диапазоны хүрээнд тааруулсан олон дэд системээс бүрдэх нарийн төвөгтэй, өндөр өртөгтэй угсралт хийх шаардлагагүй ажээ. 


“Энэхүү систем нь бүх спектрийг хамарсан, бүх төрлийн хэрэглээнд зориулсан ирээдүйн утасгүй сүлжээг бий болгох замд гарсан томоохон дэвшил мөн" гэж Nature сэтгүүлд нийтлэгдсэн судлаачдын өгүүлэлд онцолжээ.


Хэдийгээр энэ технологи нь томоохон дэвшил боловч 6G сүлжээг 2030 он гэхэд арилжааны хэмжээнд нэвтрүүлэх төлөвтэй байна. Үүнээс өмнө шинэ төхөөрөмжүүд болон шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх томоохон ажлыг хийх ёстой.


関連ニュース