MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Гангаас 10 дахин бат бөх “супер мод” бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2025-10-14 16:35:58

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 14 /CNN/. Америкийн нэгэн компани гангаас 10 дахин бат бөх, зургаа дахин хөнгөн шинэ төрлийн мод зохион бүтээжээ. 


Материал судлаач Лянбин Хугийн хамтран үүсгэн байгуулсан “InventWood” компанид үйлдвэрлэсэн энэхүү “супер мод” нь арилжааны бүтээгдэхүүний хувиар саяхан худалдаанд гарсан байна.


Арав гаруй жилийн өмнөөс Л.Ху хүн төрөлхтний мэддэг хамгийн эртний барилгын материалуудын нэгийг дахин зохион бүтээх судалгаагаа эхлүүлжээ. Өдгөө Йелийн их сургуулийн профессороор ажиллаж буй тэрбээр Мэрилэндийн их сургуулийн Материалын инновацын төвд ажиллаж байхдаа модыг дахин боловсруулах шинэлэг аргуудыг олжээ. Тэр ч байтугай модны өнгө, бат бөх байдлыг сайжруулдаг лигнин хэмээх гол бүрэлдэхүүн хэсгүүдийнх нь нэг хэсгийг нь салган авч чадсан байна.


Гэхдээ түүний жинхэнэ зорилго бол ургамлын ширхэгийн гол бүрэлдэхүүн хэсэг, “дэлхий дээрх хамгийн элбэг тохиолддог биополимер” болох целлюлозыг ашиглан модыг илүү бат бөх болгох явдал байсан гэж Л.Ху ярьжээ. Тэрбээр анх 2017 онд ердийн модыг химийн аргаар бэхжүүлж, байгалийн целлюлозыг нь сайжруулж, илүү сайн барилгын материал болгосноор энэхүү ололтынх нь эхлэл тавигдсан байна.


Модыг эхлээд устай ваннд сонгон авсан химийн бодисуудтай буцалгаж, дараа нь эсийн түвшинд задалж, нягтаршуулахын тулд халуун шахалтад оруулжээ. Улмаар долоо хоногийн турш үргэлжилсэн үйл явцын төгсгөлд үүссэн модны бат бөхийн үзүүлэлт “ихэнх металл ба хайлшаас өндөр байсан гэж “Nature” сэтгүүлд бичсэн байна.


Ийнхүү Л.Ху олон жилийн турш бүтээгдэхүүнээ сайжруулж, 140 гаруй патент авсны дараа “супер мод” худалдаанд гарчээ.


“Химийн болон практик талаас нь авч үзвэл энэ бол мод юм” гэж “InventWood” компанийн гүйцэтгэх захирал Алекс Лау тайлбарлажээ. Барилга байгууламжуудад үүнийг ашигласнаар бүтцийн хувьд одоогийнхоос дөрөв дахин хөнгөн байх бөгөөд ингэснээр газар хөдлөлтөд илүү тэсвэртэй байхаас гадна суурийг хялбарчилж, барилгын ажлыг илүү хурдан, хялбар болгоно гэж тэрбээр ярьсан байна.


“Энэ нь яг л мод шиг харагддаг бөгөөд хэрэглэж туршиж үзэхэд яг л мод шиг байдаг. Гэхдээ бидний хэрэглэж заншсанаас ерөнхийдөө бүх талаараа хамаагүй бат бөх, илүү сайн мод юм” гэж А.Лау онцолжээ.

関連ニュース