ДОРНОГОВЬ: "Эргэл" фестиваль зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-09-08 16:59:02

Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын ЗДТГ сум орон нутгийг сурталчлах, аялагч жуулчдыг татах, соёлын өвийг танилцуулах зорилгоор “Эргэл” фестивалийг энэ оны есдүгээр сарын 13-14-нд нутагтаа зохион байгуулахаар төлөвлөж байна.



Сумын есөн гаймшгийн нэг Эргэлийн зоо буюу элсэн говь дахь байгалийн онцлог тогтоц бүхий хайрхнаар нэрлэсэн уг фестивалийн үеэр “Эргэл богдын тойром” шагайн харваа, “Эргэл богдын эгшиглэн” яруу найргийн наадам, “Үзэсгэлэнт Хатанбулаг” гэрэл зургийн үзэсгэлэн гээд олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд ирсэн зочид гийчдийг монгол дээл хувцсаа өмсөж оролцохыг уриалжээ.


Мөн “Сэвжидийн бүжиг” нэртэй уран бүтээлийн “Говийн уянга”, “Хатны уянга”  хамтлагийн тоглолт, сумын үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, төрөл бүрийн хоолны худалдаа, сүү цагаан идээний худалдаа болох юм. Хатанбулаг сум Сайншандаас 240 км алслагдсан бөгөөд манай улсын нүүрсний экспортын Ханги хилийн боомттой 3100 орчим хүн амтай. 2017 онд Цагаан суваргаас Хатанбулаг хүртэлх 120 км урт 35 кВт-ын төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрснээс гадна 400 суудалтай ЕБ-ын сургууль, 80 ортой дотуур байр, 12 ортой хүн эмнэлэг, 100 ортой хүүхдийн цэцэрлэг, 200 суудалтай соёлын төв ажилладаг.


Ташрамд, тус сумын нутагт байдаг Эргэлийн зоо хэмээх байгалийн сонин тогтоц бүхий газраас 1920-иод оны үед Америкийн адал явдалт аялагч, судлаач Эндрюсийн удирдсан баг хирс дүрст эртний хөхтөн амьтан, аварга том яст мэлхий зэргийн ясан өндөг мэтийг олж  гэрэл зургийг нь анх олон улсад мэдээлжээ.


Урт нь 60 гаруй, өргөн нь 20 орчим км үргэлжилсэн элсэн чулуун тарамцаг /цав/ бөгөөд палентологийн ховор олдвор хадгалсан эртний нуур, далайн хурдас газар юм. Хурдас нь улаан, цагаавтар, ногоон өнгөтэй бөгөөд хатуу конгломерат шаврын үеүдээс тогтоно. Эрдэмтэн, судлаачид, жуулчдын бичиж үлдээснээр Эргэлийн зоог Ардын овоо, Новожиловын толгод, Сэвхүүл худаг, Их өлзийт, Амар өлзийт, Аман ус, Баянцав, Шаваг, Алтан овоо гэж олон янзаар нэрлэсэн байдаг.

関連ニュース