ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэжон хотын Со дүүрэгтэй хамтын ажиллагааг өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-03 11:28:51

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт БНСУ-ын Дэжон хотын Со дүүргийн төлөөлөгч нар хүрэлцэн ирлээ.


Со дүүргийн орлогч дарга Ким Нак Чол, ИТХ-ын дарга Чо Гю Сик нарын ахалсан 10 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хоёр бүс нутгийн найрсаг харилцааг сэргээж, цаашид  хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэх зорилго тавин ажиллаж байна.

 

Хөвсгөл аймаг БНСУ-ын Дэжон хотын Со дүүрэгтэй 2011 онд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж байна.


Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарт хоёр орны эмч нарын хамтын ажиллагааны хүрээнд 1700 гаруй иргэн эмчилгээ, үзлэг үйлчилгээ авч, эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлж, сургалтын хөтөлбөрүүд хэрэгжжээ.


Боловсролын салбарт сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхдүүдийн хэл, соёлын мэдлэг дээшилсэн бол соёл, урлагийн салбарт “Healing Art” фестиваль болон театрын тоглолтуудыг зохион байгуулснаар хоёр орны иргэдийн соёлын харилцаа өргөжсөн байна. 




関連ニュース